"Сонгуулийг луйвардаж 80 гаруй хувиар В.Путин ялалт байгуулна" гэх мэдээ өмнө гарч байсан ба ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр 87 хувийн санал аваад байна

"Сонгуулийг луйвардаж 80 гаруй хувиар В.Путин ялалт байгуулна" гэх мэдээ өмнө гарч байсан ба ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр 87 хувийн санал аваад байна

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гурван өдрийн турш үргэлжилж, өчигдөр /2024.03.17/ орой өндөрлөлөө. Тус сонгуулийн үеэр саналын хайрцаг руу шингэн зүйл асгах устгасан, санал хурааж буй байрыг галдан шатаасан зэрэг "В.Путиныг эсэргүүцсэн" ер бусын үйл явдлууд тохиолдсон юм.

Мөн Алексей Навальныйг дэмжигч олон мянган хүмүүс "В.Путин бол новш" гэсэн лоозонтой жагсаж, дэлхийн олон оронд суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна урт дараалал үүсгэсэн. 

Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин, Л.Слуцкий, В.Даванков, Н.Харитонов гэсэн дөрвөн хүн нэр дэвшиж өрсөлдсөн ба Владимир Путин 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулах "сонгуулийн луйвар"-ыг тус улсын эрх баригчид хийсэн талаар Олон Улсын зарим хэвлэлд өмнө нь мэдээлж байсан юм.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нийт саналын хуудасны 90 хувийг тоолоод байгаа ба урьдчилсан дүн мэдээгээр В.Путин нийт сонгогчдын 87 хувийн санал авч, ялалт байгуулж байгаа бол, Л.Слуцкий, В.Даванков, Н.Харитонов гэсэн гурван нэр дэвшигч нийлээд 13 хувийн санал авч, түүнд ялагдал хүлээж байгаа аж. 

Сонирхуулахад,  ОХУ-ын 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 53.4 хувийн санал, Оросын 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 71.9 хувь,  2012 оны сонгуульд 63.6 хувийн санал, 2018 оны сонгуульд 76.6 хувийн саналыг тус тус авч В.Путин ялалт байгуулж байжээ. Харин энэ удаа 87 хувийн санал авсан гэж мэдээлж байна. 

Энэ талаар зарим олон улсын хэвлэлүүд В.Путин энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бага хувийн саналаар ялалт байгуулсан гэвэл "түүний Украинд явуулж буй дайныг Оросын иргэд дэмжихгүй байна" гэсэн дүгнэлтийг зарим нь хийх тул түүнийг 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан хэмээн зарлаж байна хэмээн мэдээлж байна. Тэгвэл Чечены Бүгд найрамдах улсын нийт сонгогчдын 99.98 хувь нь В.Путины төлөө саналаа өгсөн гэж мэдээлжээ.