Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг тусгасан хуулийн төслийг дэмжлээ

Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг тусгасан хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцжээ. 

Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулахдаа "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг 1992 оны тавдугаар сарын 8-нд баталсан.  Үүнээс хойш зарим нэмэлт, өөрчлөлт орсон ч Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, нийгмийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэлийн үйл явцтай уялдсан дорвитой өөрчлөлт хийгдээгүй.

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч өнгөрсөн хугацаанд 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаанд гарч буй өөрчлөлт, хөгжлийн хурд, нийгмийн хэрэгцээг дагаж шүүх эрх мэдлийн бусад байгууллагын нэгэн адил Цэцийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинэчлэн боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна" гэв.

Үргэлжлүүлэн Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагын талаар "Цэцийн гишүүн эрх зүйч байхын зэрэгцээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг тусгайлан оруулсан. Цэцийн гишүүний хараат бус, тогтвортой байдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно” гэж олон улсын сайн туршлагыг төсөлд тусгасан. Мөн Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45-аас дээшгүй хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа Улсын Их Хуралд хүргүүлнэ.

Түүнчлэн Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох журмыг тодорхой тогтоож, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн танилцуулгыг олон нийтэд нээлттэй мэдээлж байх нь зүйтэй. Цэцийн нийт гишүүний хуралдааныг байгуулж, холбогдох бүрэн эрхийг олгох, Цэц үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэнэ. Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байна. Цэцийн гишүүний хараат бус байдлыг хангах, хамгаалахаар олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхээр, бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах үндэслэл, журмыг төсөлд нарийвчлан тусгасан. Эрхээ сэргээлгэх хуульд заасан арга замыг дуусгасны дараа уул эрх нь зөрчигдсөн хэвээр гэж үзсэн иргэн Цэцэд гаргах эрхийг тусгасан. Иргэн эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Цэцэд өргөдөл гаргах эрхтэй байгаа нь Цэц үндсэн эрхийн маргааныг хянан шийдвэрлэх агуулгатай. Иймд иргэний үндсэн эрхийн зөрчлийг Үндсэн хуулийн түвшинд хамгаалах боломжийг бүрдүүлнэ" гэв. 

Хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдээс 54.5 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.