ВИДЕО: "Жуковын хөшөө"-ний ард байрлах газар нийтийн эзэмшил болоогүй, Ц.Анандбазарын мэдэлд хэвээр байна

ВИДЕО: "Жуковын хөшөө"-ний ард байрлах газар нийтийн эзэмшил болоогүй, Ц.Анандбазарын мэдэлд хэвээр байна

УИХ-ын гишүүн, “Сод Монгол групп”-ийн ерөнхийлөгч Ц.Анандбазарын эзэмшил гэх БЗД-ийн IV хорооны нутаг дэвсгэр, Жуковын талбайн арын хэсгийн газрын маргаан дэгдээд даруй 10 гаруй жил өнгөрчээ. Тус газрыг анх 2017 онд “Сод Монгол групп”-ийн охин компани болох “Алханатрейд, Ньютур сафарис ХХК, Мэргэ ван ХХК, Хүрээ-Инвест гэх компаниуд “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор хэлбэрээр ашиглах, эзэмших эрх авсан байдаг.

Тодруулбал, тус газрын эзэмших эрх нь 2017 оны 11-р сараас 2032 оны 11-р сарын 16-н хүртэл хүчинтэй хэвээр байна.

ВИДЕО:

-ТУС ХЭСГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ, НИЙТИЙН ЭДЭЛБЭР ТАЛБАЙ БОЛГОН ТОХИЖУУЛАХ ШИЙДВЭР ГАРСНААС ХОЙШ ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦАА ӨНГӨРЧЭЭ-

Гэвч өнгөрсөн хугацаанд тус талбайд том оврын машин техникүүд ажиллаж тоос шороо ихээр босохоос гадна уг талбайд олон жил мал нядалгааны ажил хийсэн тул халуун өдрүүдэд эвгүй үнэр ойр орчимд нь үнэртдэг гэх гомдлыг оршин суугчид гаргаж эхэлсэн юм. Иргэдийн гомдлын дагуу  Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт, хөгжлийн газраас газар шорооны ажил, барилга байгууламжийн угсралтын ажлыг нэг хоногийн дотор зогсоох тухай шаардах хуудсыг өнгөрсөн 2021 оны есдүгээр сард гүйцэтгэгч компанид хүргүүлсэн удаатай. Цаашлаад өнгөрөгч 2021 оны зургадугаар сарын 1-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Жуковын талбайн газарт ААН-үүдэд олгогдсон газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалж нийтийн эдэлбэр болгон тохижуулахыг тухайн үеийн хотын дарга Д.Сумьяабазарт үүрэг болгосон байдаг.

Гэтэл дээрх шийдвэр гарснаас өнөөдрийг хүртэл гурван жилийн хугацаанд тус талбайн эзэмшигчээр “Сод монгол” группийн дөрвөн охин компани, “Монголын саран ээж” нийгэмлэг зэрэг таван хэсэгт хуваан хувьчилсан хэвээр байгаа юм. Иймд манай сурвалжлах алба тус асуудлыг эргэн сануулж, дахин хөндлөө.

-ДУЛААНЫ УЛИРАЛ ЭХЛЭХ ҮЕД ТУС ГАЗАР ТООС, ШОРОО ИХЭЭР БОСОЖ, ЭВГҮЙ ҮНЭР ҮНЭРТДЭГ ТАЛААР ИРГЭД ГОМДОЛЛОЖ БАЙНА-

Тус талбайг нийтийн эдэлбэр болгож, тохижуулах шийдвэр гарснаас хойш гурван жилийн хугацаанд иргэдэд зориулсан ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдсэнгүй, тус хэсэг төмөр хашаагаар хүрээлүүлж, ухаж, сэндийчсэн байдалтай хэвээр байсаар байна. Мөн энэ талаар оршин суугчид “хавар болоод дулаараад ирэхээр энэ хэсэгт тоос шороо босож, эвгүй үнэр гардаг. Бид хороо, дүүрэгтээ энэ талаар зөндөө хэлж, шаардлага тавьсан ч ажил болсон зүйл алга. Нэг хэсэг бөөн хэл ам болж байгаад намжсан. Одоо энэ хавиар явахад тун хэцүү, явган хүний зам гэж хэт нарийхан, ихэнх талбайг нь хашаалчихсан. Ямар ч учиртай газар юм, бүү мэд” гэх мэдээллийг өгч байсан юм.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө