Малчдад иргэн, ААН-үүдээс гурван тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн гэж УОК-оос мэдээллээ

Малчдад иргэн, ААН-үүдээс гурван тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив ирүүлсэн гэж УОК-оос мэдээллээ

Улс орон даяар нүүрлээд буй зудын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл өглөө. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Улсын хэмжээнд малын хорогдлын тоог шинэчлэн гаргасан. Одоогоор 5,222,950 мал хорогдсон байна. Сүхбаатар аймагт 1.4 сая мал хорогдож хамгийн их хорогдолтой байгаа бол Хэнтий аймагт 720 мянга, Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймагт 474.4 мянга, Төв аймагт 417.6 мянга, Дундговь аймагт 231.2 мянган толгой мал хорогдоод байна.

Энэ сарын 19-ний байдлаар 2728 өрх 70 болон түүнээс дээш хувийн малаа, 380 өрх 100 хувь малаа алдсан мэдээлэл байна. Мөн хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн аймгийн онцгой комисс, орон нутгийн албууд энэ сарын 21-ний өдөр 194 малчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 250 малчин өрхөд хоол хүнсний тусламж, 1544 малчин өрхөд өвс тэжээл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Ер нь улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш буюу хоёрдугаар сарын 14-өөс хойш 5286 малчин өрхийг түлээ түлшээр хангасан, 5332 малчин өрхөд хоол хүнс хүргэсэн, 14 мянга орчим малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлсэн, 83 мянган малчин иргэнд өвс, тэжээл хүргэсэн байна.

Түүнчлэн, дотоодын хүмүүнлэгийн тусламж буюу малчдад туслах хандивын аянд ААН, иргэд, төрийн, төрийн бус байгууллагууд, гадаадын байгууллагууд хандив тусламжийг ирүүлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 49 иргэн, 128 ААН, байгууллагаас гурван тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив, таван иргэн, 29 ААН, байгууллагаас 908 сая төгрөгийн бараа материалын хандивыг УОК-д ирсэн байна. Харин олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, Монгол Улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын улс орноос тусламж үзүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар гурван сая 60 мянган ам.долларын санхүүжилтийг босгож, үндэсний хэмжээнд зудад нэрвэгдсэн малчин өрхөд туслах арга хэмжээг зохион байгуулсан" гэлээ.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө