Л.Цандэлэг: 500 төгрөгөөр кг улаанбуудай авчхаад 6-7 дахин нугалж, 3500 төгрөгөөр зарж байна

Л.Цандэлэг: 500 төгрөгөөр кг улаанбуудай авчхаад 6-7 дахин нугалж, 3500 төгрөгөөр зарж байна

Засгийн газраас гурил, хивэгийг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна. 

Энэ талаар Ургац хүдэр ХХК-ийн захирал Л.Цандэлэг мэдээлэл хийлээ. Тэрбээр " Сүүлийн дөрвөн жил галзуурч байна. 500 төгрөгөөр кг улаанбуудай авчхаад 6-7 дахин нугалж, 3500-аар зарж байна. 600, 700 хувийн ашигтай бизнес дэлхий дээр байдаг юм уу. Эд нар үйлдвэрлэлээ багасгаж, хомсдол үүсгэдэг. Хомсдол үүсгэж бага мөнгөөр их мөнгө олоод байна. Дэлгүүрүүдээр хомсдол үүсвэл зах зээлийн зарчмаар хүмүүс үнээ өсгөнө.

Бид Оросоос, Хятадаас гурил оруулж ирж чадахгүй. Хүчээр үнэтэй гурил идэж байгаа. Өнөөдөр АНУ, Канад, Францаас гурав дахин үнэтэй гурилыг монголчууд идэж байна. Энэ арай дэндэж байна. Монгол гурилын мафи бий болчихож. Бүх юм мафи болчихсон. Шатахууны тавхан компани мөн биз дээ. Гурилын таван компани тавуулаа нэг л үнээр гурилаа зардаг. Ийм байдлаар би эсэргүүцээд байгаа юм.

Засгийн газар жаахан оройтлоо. Уг нь монголчууд цагаан сараар хамгийн их гурил иддэг юм. Тэрнээс өмнө энэ асуудлыг ярих байсан юм. Он гараад л Оросоос гурил оруулаад ирсэн бол энэ их хүний мөнгө хэмнэгдэж, таван гэр бүлийн халаас руу орох ёсгүй байсан.  Тариаланчид бид зах зээлийнхээ үнийг өсгөөд хамт баяжиж байсан бол хамаа алга. Бид 500 төгрөгөөр зарж байхад эд нар 3500 төгрөгөөр болгочхоод байгааг л бид хэлээд байгаа юм. Нийгэм шударга байх ёстой шүү дээ.

Мөнгөний ханш унаад байна шүү дээ. Үүний 15-20 хувь нь гурилтай холбоотой. Зөвхөн гурил биш шүү дээ. Нарийн боов, гоймон, талх, хүүхдийн каш гээд өчнөөн олон зүйлийн ханш хөөрөгдөж байна. Гурилыг хамгийн их иддэг хүмүүс чинь хөдөөний ард түмэн шүү дээ. Найм, есөн хүүхэдтэй айлууд боорцгоо хийгээд л амьдарч байгаа шүү дээ. Энэ мафийнхан өөрсдөө балрахаараа бидний нэрийг бариад байна. Цагдаа үүнийг шалгах ёстой. 500 гаруй мянган тонн улаан буудай гэдэг чинь 500 гаруй тэрбум төгрөг. Үүнийг сүүлийн жилүүдэд зургаа, долоо нугалсан гэхээр овоо их мөнгө байгаа биз дээ. Энэ бол асар том мафийн мөнгө угаасан, ард түмний халааснаас хулгайлсан дээрэм" гэв.