Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал Төрийн ордонд боллоо.
Уг хурлаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг сонгон шалгаруулалт болжээ. Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллах саналыг 10 найруулагч, долоон продюссерт хүргүүлжээ. Гэвч тэднээс гурав нь саналыг хүлээн авч, материалаа ирүүлсэн байна. Найруулагчдаас “Херо”-гийн Б.Баатар, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар хүсэлтээ ирүүлээгүй аж. Түүнчлэн “Орфей” театрын найруулагч М.Батболд энэ зун шинэ түүхэн жүжгийн ажилтай учраас сонгон шалгаруулалтаас нэрээ татсан байна. Тиймээс энэ жилийн хувьд найруулагч Б.Анар, Ц.Батнайрамдал нарын хооронд энэ удаагийн өрсөлдөөн өрнөж байгаа аж.
“Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар “Мөнхөд мандах миний Монгол” сэдэвтэй нээлт хийх төсөл бичиж ирүүлсэн байна. Түүний хувьд Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолын найруулагчаар ажилласан билээ. Харин Ц.Батнайрамдал “Эх дэлхий эх оршихуй цадиг” сэдвийн хүрээнд нээлт, хаалтыг хийх төслөөр сонгон шалгаруулалтад оролцож байгаа юм. Түүний хувьд 2014-2018 онд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байв. Мөн 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулсан юм.Тэгвэл хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Ж.Дамдинцэрэн, зөвлөхөөр нь түүний аав хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров ажиллуулахаар ярьж байгаа аж.