“Монте Карло-46” циркчдийн их наадмаас “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагт 40 сая төгрөг олгоно

“Монте Карло-46” циркчдийн их наадмаас “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагт 40 сая төгрөг олгоно

Монакогийн Вант Улсын “Монте Карло-46” дэлхийн циркчдийн их наадамд оролцож хоёрдугаар байр буюу “Мөнгөн алиалагч” цом хүртсэн ”Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчдэд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг өнөөдрийн /2024.04.03/ Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. 

Тодруулбал, “Монте Карло – 46” дэлхийн циркчдийн их наадам нь 2024 оны нэгдүгээр сарын 19-29-ний өдрүүдэд Монакогийн Вант Улсын Монте Карло хотод болсон бөгөөд манай улсыг төлөөлж Т.Амартүвшин ахлагчтай “Трүүп Амараа” хамтлагийн уран бүтээлчид “Хүннү гүрэн” бүтээлээр оролцон “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон юм. 

Тус бүтээлийн онцлог нь “Монта Карло – 46” их наадмын алтан тайзнаа анх удаа зургаа давхарласан хүн рүү хоёр эргэлт хийж, дөрөв давхарласан 9,5 метр өндөр трубатай сандал руу хойшоо хоёр эргэлттэй нисэх, шидэх банзнаас хойшоо агаарт таван сальто эргэлт хийх үзүүлбэрийг зориглон үзүүлснээрээ анхдагч бөгөөд шинэлэг юм.  Тэртээ 1986 онд Монголын циркийн уран бүтээлчид “Хос уран нугаралт”-ын төрлөөр тус наадамд амжилт үзүүлж “Мөнгөн алиалагч” цомын эзэд болсон түүхтэй. Түүнээс хойш 38 жилийн дараа ийнхүү дэлхийн циркчдийн олимпод Монголын циркийн чанар, түвшнийг таниулан сурталчилж, түүхэн амжилтыг бататгасан. 

“Troupe Amaraa” хамтлагийн уран бүтээлчид:

СТА Т.Амартүвшин
СТА Х.Мөнхзоригт
СТА А.Энхтамир
СТА Ц.Баярхүү
СТА П.Ариун-Эрдэнэ
СТА Ц.Номин
СТА Ч.Эрдэнэжаргал
СТА Г.Лхагвадорж
СТА Э.Алтангэрэл
СТА Б.Бат-Ирээдүй
СТА Г.Ганзориг
СТА Н.Цогтбаяр
С.Зүч
Б.Энхтулга