Г.Түвдэндорж: Валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар болж өсөхөд Эрдэнэс тавантолгой ХК-нд тогтоосон "онцгой дэглэм" нөлөөлсөн /ВИДЕО/

Г.Түвдэндорж: Валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар болж өсөхөд Эрдэнэс тавантолгой ХК-нд тогтоосон "онцгой дэглэм" нөлөөлсөн /ВИДЕО/

"Шугам" нэвтрүүлгийн энэ дугаарт Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд Г.Түвдэндорж оролцлоо. Бид Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдсэн тухай, эдийн засгийн гол хөшүүргүүдийн ойлголт, бүсчилсэн хөгжлийн тухай ярилцлаа.

ВИДЕО: 

-Эдийн засаг, хөгжлийн яамны сайд Ч.Хүрэлбаатар "Монгол улсын гадаад валютын нөөц 5 тэрбум 250 сая доллар болж өслөө" гэж мэдэгдсэн. Энэ бол миний хувьд сүүлийн 6 жил сонсож байгаагүй мэдээлэл. Тэгэхээр энэ тоо яг бодитой юу, гадаад валютын нөөц ингэж өсөхөд юу нөлөөлөв гэж би таниас асуумаар байна?

-2022 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар маш зөв, цаг үеэ олсон шийдвэр гаргасан нь "Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам"-ыг байгуулсан. Ч.Хүрэлбаатар сайд Эдийн засаг, хөгжлийн яамны сайдаар томилогдох үед манай улсын эдийн засаг маш хүнд байсан. Тиймээс эдийн засгийг тогтворжуулах, валютын нөөцийг ихэсгэх засгийн газрын тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор нэлээн олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" компани дээр онцгой байдал зарлаад, бие төлөөлөгчийг томилсон явдал. Бие төлөөлөгч томилоод, дотоод үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулахаас өөр аргагүй болсон байсан. Нүүрс, зэс бол манай экспортын гол түүхий эд. Мөн оптик гэрээнүүд буюу худалдан авах, хөрөнгө оруулалтын гэрээ, борлуулалтын гэрээ зэрэг гэрээнүүдийг ил болгосон. Үүний зэрэгцээ татвар, гаалийн цахим системийг хөгжүүлсэн. Худалдан авалтын гэрээ, экспортын бүх гэрээнүүдийг цахимжуулсан. Ингэснээр далд зах зээл, нүүрсний хэргүүд ил болж эхэлсэн. Эдгээрийг цэгцэлж эхэлсэн гэсэн үг. Нүүрсээ гаргаад байдаг, валютын орлого нь орж ирдэггүй байдлыг зогсоосон. Үүнтэй холбоотой маш олон асуудлууд цэгцэрсэн. Дараагийн нэг асуудал нь гааль боомтууд дээр маш, түргэн шуурхай нэвтэрдэг болоход анхаарсан. Төрийн өмчит, тээвэр логистикийн үйл ажиллагааг нь сайжруулсан. Мөн тээврийн гэрээнүүдийг цахимжуулж эхэлсэн.

Дараагийн Засгийн газрын 362-р тогтоолоор авч хэрэгжүүлсэн чухал ажил бол уул уурхайн биржийг байгуулах шийдвэр. Уул уурхайн биржийн тухай хуулийг УИХ-аар танилцуулж батлаад, монголын хөрөнгийн бирж дээр тулгуурлаж үйл ажиллагааг нь эхлүүлсэн.Уул, уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулаад эхлэхээр ил тод нээлттэй, зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдсэн. Дээрх авч хэрэгжүүлсэн бүх арга хэмжээнээс тодорхой үр дүнгүүд гарч татварын орлого нэмэгдсэн.

-Одоогооор нэг америк доллар 3375.99 төгрөгтэй тэнцэж байна. Хэдэн сарын өмнө 3420 төгрөгт хүрчихсэн явж байсан. Тэгэхээр валютын ханш цаашид өсөхгүй гэх баталтгааг та Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдын хувьд хэлж чадах уу?

-Монгол улсын хувьд валютын ханш тогтвортой байх нь хамгийн чухал. Яагаад гэхээр манай улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон. Хэрэглэж буй бүх бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Валютын ханш тогтвортой байснаар ард иргэдийн авч буй цалин цаашлаад монгол төгрөг үнэ цэнтэй байх нь их чухал. Манай төгрөгийн ханш 12 жилийн өмнө долларын эсрэг хамгийн сайн чангарч байсан валют гэдгийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан. Яагаад тухайн үед тэгж чангарч байв гэхээр манай улсын эдийн засаг хамгийн өндөр түвшиндээ хүрч өсч, гадаадын хөрөнгө оруулагчид монголыг их сонирхож байсан. Одоо яг тэр 12 жилийн өмнөхтэй адил цикл давтагдах байх гэж би харж байгаа. Эдийн засаг 7 хувьд хүрээд өсчихлөө, валютын нөөц 5.2 тэрбумд хүрлээ, төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үеэс 120 төгрөгөөр чангараад эхэлж байна. Тэгэхээр эдийн засаг цаашид өсөх, тогтвортой байх маш таатай, цонх үе эхэлж байна гэж харж байгаа.

Цаашид манай нүүрс, зэсийн экспорт нэмэгдэнэ, төмөр замын холболтууд хийгдэнэ. Гадаад төлбөр тооцоо, томоохон бондын өрүүдийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цэгцэлсэн учраас ойрын жилүүдэд өрийн дарамт мэдрэгдэхгүй гэсэн үг. Иймэрхүү байдлаар эдийн засгийг тогтвортой үргэлжлүүлж чадах юм бол манай улсын эдийн засаг сайжирч, төгрөг чангарна гэж би харж байна. Гэхдээ миний хувьд валютын ханш өсөхгүй гэж шууд амлаж болохгүй. Энэ нь өөрөө Монгол банкны мөнгөний бодлоготой уялдаж явдаг.

-УИХ-ын сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулаад 13 бүсчлэлд монгол улсын сонгууль явагдах нь тодорхой болоод байна. Сонгуулийн энэ бүсчлэлээ "Бүсчилсэн хөгжлийн бодлого"-той та бүхэн холбож тайлбарлаад байгаа. Ер нь энэ "Бүсчилсэн хөгжлийн бодлого" манай улсын 21 аймаг, 330 суманд яаж хүрэх бол, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-"Бүсчилсэн хөгжлийн бодлого" бол бодлогын маш том шийдвэр. Улс төрийн сонгуулийн тойргийг Үндсэн хуулиараа бүсчилсэн хөгжлийн тойрог болгон зарлаж сонгуулийн хуулинд оруулж байгаа. Энэ нь өөрөө хөгжлийн маш том шийдвэрийг гаргах бололцоо бүрдчихэж байна гэсэн үг. Тэгэхээр аймгаас сонгогдсон гишүүн гэж ярихгүй тухайн бүс нутгаасаа сонгогдсон гэж үзэж аливаа зүйлд жалга, довны үзлээр хандахгүй илүү том бүс нутгаа хамарсан бодлогын шийдвэрүүдийг гаргаад явна гэсэн үг. Энэ зөвхөн эхлэл. Цаашид маш олон шинэчлэлтүүд явагдах ёстой.