Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо болсон осолтой холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаас ШТС-уудад хяналт шалгалт хийжээ. Энэ талаар өнөөдөр Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.
ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав "Дашваанжил компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтангүй байсан. Мөн цалингийн журам, хөдөлмөрийн аюулгүй байдлын журмаа батлаагүй, ажлын байрны эрсдэлээ үнэлээгүй, жолоочид ямар эрсдэл үүсэж болохыг тооцоолоогүй нь ажил олгогчийн хариуцлагагүй үйлдэл юм. Компанид дотоод хяналт шалгалт огт хийдэггүй. Ажил олгогч хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийгээгүй, ажлын хувцсаар хангаагүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй байжээ.
Тус компани 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй, Улаанбаатар болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас хий импортлон худалддаг. Тус компанид сүүлийн таван жилд хяналт шалгалт хийгээгүй байжээ. Эрсдэл өндөртэй салбарт хүний тооноос хамаарахгүйгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтантай байхыг хуульд заасан байдаг. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна. Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой. Энэхүү даатгалыг хийлгээгүй байна. Иймд шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр тавьж, хяналт тавьж ажиллаж байна" гэв.
Мөн УУХҮЯ-наас тус компанийн шатахууны агуулах саванд хяналт шалгалт явуулахад зөрчил илрээгүй байна.