Нийслэлд энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулна. Үүний эхлэл болгож, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна.
Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар, “Зөвшөөрөлгүй гарааш буулгах мэдэгдлийг эзэмшигчдэд 2021 оноос хойш хүргүүлж эхэлсэн. Зөвшөөрөлтэй гарааш чөлөөлөхдөө эзэмшигчидтэй нь зөвшилцөж, нөхөн олговор олгодог. Чөлөөлсөн байршилд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар баталсны дараа ямар тохижилт хийх нь шийдэгдэнэ” гэжээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Газрыг хууль бусаар ашиглаж, хашаа хайс, барилга байгууламж барьвал хуулийн дагуу мэдэгдэл өгч, албадан буулгах арга хэмжээ авч, гарсан зардлыг хуулийн дагуу буруутай этгээдээр төлүүлнэ. Байгууламж барьсны дараа зөвшөөрөл нөхөж олгодгийг зогсооно. Хашаа хайс, гарааш буулгаж, орц гарц, зай талбайг нэмснээр гэмт хэрэг, зөрчлийн тоо ч буурдаг. Чөлөөлсөн талбайг иргэдийн саналаар тохижуулж, ихэвчлэн ногоон байгууламж байгуулж байгаа” хэмээв.
2020 оноос хойш 8500 гаруй гарааш, 2021 оноос хойш 87 км хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, орц гарцыг нэмж, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол зэргээр тохижуулсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.