Баянгол дүүргийн 309 дүгээр цэцэрлэгт багш нь хүүхдүүдийг зоддог тухай бичлэг дахин цацагдлаа. Тус цэцэрлэгт суралцаж буй хүүхдийн эцэг, эх энэ талаар "Ангийн багш нь хүүхдүүдийг 2-3 цаг хүлж, зоддог" гэж хэлээд бичлэгийг олон нийтэд дэлгэсэн юм. Мөн тухайн цэцэрлэгийн хаягт зарим эцэг эх "Хүүхэд зодож хүлдэг та нарыг хөлөө хүрэх газар явна" гэж бухимдсан сэттгэгдэл үлдээжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хэргийг шалгаж байна" гэв.
Сануулахад, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус цэцэрлэгийн соробан сампингийн багш хүүхдүүдийг жил гаруйн турш зоддог байсныг илрүүлж улмаар олон нийтийн дургүйцлыг төрүүлээд байв. Тухайн үед цэцэрлэгийн эрхлэгч нь "камерыг өдөр бүр хянах зав байгаагүй" гэх тайлбар өгөхдөө тус багшийн сургалтын үйл ажиллагааг нь зогсоосон гэх хариулт өгч байлаа. Тухайн үед энэ асуудалд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан " Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль, цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй" гэж байр сууриа илэрхийлсэн удаатай. Мөн л сайдыг мэдээлэл хийхээс өмнө өнгөрсөн оны зургадугаар сард тус цэцэрлэгийн багш дөрвөн настай хүүхдийг удаа дараалан зодсон хэрэг нийгмийн сүлжээнд цацагдаж, улмаар тус багшид холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг.