ВИДЕО: "9 жилийн өмнө Эрдэнэс таван толгойн нүүрсний ордыг 100 жил ухуулахаар тохирсон байсныг УИХ мэдэж зогсоосон" гэж З.Энхболд мэдэгдэв

ВИДЕО: "9 жилийн өмнө Эрдэнэс таван толгойн нүүрсний ордыг 100 жил ухуулахаар тохирсон байсныг УИХ мэдэж зогсоосон" гэж З.Энхболд мэдэгдэв

Өнөөдрөөс яг 9 жилийн өмнө 2015 оны 4-р сарын 6-нд УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр энэ үгийг хэлснээс эхлээд Монголчууд баялагтаа эзэн нь болсон. Тухай үеийн ерөнхийлөгч, ерөнхий сайд нар нийлээд бүх монголчуудын өмч Эрдэнэс таван толгой ХК-ын 3 тэрбум тонн коксжих нүүрсний Цанхийн ордыг 2-хон % татвар (роялти) аваад 100 жил ухуулах гэрээг Энержи ресурс болон хятадын төрийн өмчит компанитай хийхээр тохирсон байсныг УИХ мэдэж зогсоосон.

Тэр үед эдгээр компанийн амлаж байсан хөрөнгө оруулалт болох 3 тэрбум $ нь өнөөдөр ЭТТ ХК зөвхөн 1 жилийн борлуулалтаас бага болжээ. 2015 онд Таван толгойгоо үнэгүй өгөөгүйгээс хойш ЭТТ ХК нь:

  • 127.5 сая тонн нүүрс олборлож экспортолжээ
  • 25.31 их наяд (25.310.000.000.000) төгрөгийн борлуулалт хийж
  • 6 их наяд (6.000.000.000.000) төгрөгийн татвар төлж
  • 20000 шууд ба шууд бус монголчуудын ажлын байр үүсгэж
  • 1072 хувьцаатай монгол улсын иргэдэд 1.2 их наядын ногдол ашиг
  • ЭТТ ХК 80% хувьцаа эзэмшигч Монгол улсын ЗГ-т 4.8 их наядын ногдол ашиг тараасан амжилттай ажиллалаа.

2015.04.06 УИХ чуулганы нээлт дээр хэлсэн үг. “Таван толгойн ордыг ашиглах хэлэлцээрийг УИХ анхааралтай ажиглаж байгаа. Монгол Улсын үндсэн хуульд зааснаар газрын хэвлий түүний баялаг, төрийн өмч мөн Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм.

Засгийн газар, УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд Таван толгойг ашиглах уралдаант шалгаруулалтыг явуулж байгаа. Гэтэл Таван толгой ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна.

Энэ талаар УИХ-ын удирдлага байр сууриа албан ёсоор илэрхийлж, 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газар өргөн мэдүүлсэн. Энэхүү хэлэлцээрийг байгуулж байгаа нөхцөлөөс харахад, Монгол Улсын эдийн засаг нэг зах зээлээс бүрэн хамаарах нөхцөл үүсэж байна.

Энэ нь 2010 онд УИХ-аар баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байна гэсэнтэй нийцэхгүй байна. Засгийн газраас байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ хэлэлцээрийг өнөөдөр авсан. Гэрээ хэлэлцээрийн төслийг эрхэм гишүүдэд хүргүүлсэн. Та бүхэн тус гэрээг уншиж Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр чуулганы нээлтийн өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. Өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрүүдийг харахад, Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна.

Тухайлбал,  Монгол Улсын Засгийн газар маш тодорхой хугацаатай байгаа бол гэрээ байгуулагч нөгөө талын үүрэг нь хугацаагүй зорилтын шинж чанартай, зорилго биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна. Мөн Таван толгой ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй. Нэмэлт хайгуул хийж, нөөцийг нь яах нь тодорхойгүй байгаа. Дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад одоо оруулсан “Энержи ресурс” хөрөнгө оруулалтын компани хамруулсан.

Төмөр зам өргөтгөх асуудалд зөвхөн хөрөнгө оруулагч тал хийх эрхийг олгосон. Төрийн өмчит Монголын “Төмөр зам” ХХК-ийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр тооцох зэрэг заалтыг оруулж, гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шинхау Энержи” ХХК-ийн 30 жилд олох байсан ашгийг төлөх үүрэг хүлээсэн байна. Дээрх гэрээг байгуулахдаа Монголын талынхан хуулийн болон санхүүгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий компаниудаас үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай Монголд илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Таван толгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрвээ Таван толгой ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэхгүйгээр, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцож, огцруулахыг санаачлах болно” гэжээ.

ВИДЕО: