ОБЕГ: Дөрвөн алба хаагч шатаж буй обьект руу орж голомтыг олохоор ажилласан ч хоёр нь бэртэж эмнэлгийн тусламж авч байна

2024-04-08 14:25

ОБЕГ: Дөрвөн алба хаагч шатаж буй обьект руу орж голомтыг олохоор ажилласан ч хоёр нь бэртэж эмнэлгийн тусламж авч байна

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуунд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрийн барилгад гарсан галын талаар Онцгой байдлын хэлтсээс мэдээлэл өглөө. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, "Миний" сүлжээ дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12:29 минутад Нийслэлийн онцгой байдлын газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирүүлсэн. Ингээд 12.30 минутад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг гарсан. Замын ачаалал дунд зэрэг байсан. Ангийн бие бүрэлдэхүүн 12:37 минутад ирсэн. Одоо галыг бүрэн унтраахаар 6 ангийн 26 автомашин 90 хүнтэйгээр ажиллаж байна. 

Обьект гурван давхар. Нэг давхар, B1, B2 давхруудтай. Энэ обьектод лангуу, хүүхдийн тоглоомын талбай, дэлгүүр зэрэг дөрвөн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Анх ирэхэд гал бүрэн тархсан байсан. Гал давхар бүрдээ тархсан, шатаж тослох материал ихтэй, өндөр температурт хүн орох нөхцөлгүй байна. Тухайн обьектод бол хүн байгаагүй. Гал бүрэн унтраагүй, хайгуулын ажиллагаа дуусаагүй байна. Дөрвөн алба хаагч обьект руу нэвтрэн орж  галын хайгуулыг хийж голомтыг илрүүлж, унтраах ажиллагааг нэгэн зэрэг явуулж байна. Энэ явцад гурван хүн маань гарч ирсэн. Ажиллаж байсан хоёр алба хаагч хөнгөн бэртэл аваад эмнэлгийн тусламж авахаар явсан. Хүнд хэлбэрийн угаартсан хүн байгаагүй. Обьект дотор газ байсан гэлээ. 

ШУУД: 

2024-04-08 13:05

LIVE: Галд өртөөд буй "Миний" сүлжээ дэлгүүрийн агуулах дэлбэрч болзошгүй бөгөөд ойр орчмын айлуудын оршин суугчдыг холдуулж байна

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Баянхошуунд байрлах "Миний" сүлжээ дэлгүүрийн барилгад гал гарч байна. Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийнхан гал гарсан газарт үргэлжлүүлэн ажилласаар байгаа юм. Хоёр алба хаагч угаартаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар тус газарт ажиллаж буй isee.mn сайтын сурвалжлах баг мэдээллээ. 

Гал гарах үед "Миний" сүлжээ дэлгүүрийн агуулахад хоёр ажилтан байсан бөгөөд цонх хагалж гарсан гэх мэдээлэл байна. Мөн ойр орчмын  айлуудын оршин суугчдыг угаартах  эрсдэлээс хамгаалан утаажилтын бүсээс гаргаж байгаа аж. Гал илүү өргөн хүрээг авч буй учир нэмэлтээр Онцгой байдлын алба хаагчид дөнгөж сая ирлээ. Мөн гал гарсан газрын ойр орчмын замыг хэсэгчлэн хаажээ. 

ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны шинэ буудалд “Миний” сүлжээ дэлгүүрийн агуулахад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 10:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, СХД-ийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29, 26 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Галын шалтгааныг унтраасны дараа шалгаж тогтоох аж. 

ШУУД: