Автозам засварыг шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж байна

Автозам засварыг шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж байна

Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөсөн бөгөөд урсгал засвар буюу нүхэн эвдрэл, заадас засварлах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм.

Тодруулбал, Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байна. Мөн авто замыг засварлахдаа хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж ачаалал үүсгэхгүйн тулд тулд шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн засварлаж байгаа аж.

Амгалангийн зам буюу Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх 2.4 км авто замын засвар шинэчлэлийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-ны өдөр эхлүүлжээ. Эхний ээлжид "Цагдаа" хотхоны уулзвараас Ботаникийн эцэс хүртэлх 800 метр авто замд асфальт хучилт хийх бөгөөд цаашлаад хашлага, инженерийн шугам сүлжээг замын түвшинд тааруулж, тэмдэг тэмдэглэгээг бүрэн сэргээн, борооны ус зайлуулах шүүрт худгуудыг өндөрлөх юм. Тус авто зам нь 1970 онд ашиглалтад орсон бөгөөд 2006 онд их засвар, 2014 онд борооны ус зайлуулах шугам нэмэлтээр хийсэн байна.

Ташрамд дурдахад, авто замын хашлага нь хучилтын түвшнээс дээш 15 см байх стандарттай. Тэгвэл авто замд засвар шинэчлэл хийхдээ хуучин замыг асфальт бетоноор хучиж, хийцийг хүчитгэж байгаа тул энэ тохиолдолд хашлагыг хуулж, замыг түвшинд тааруулан, стандартын дагуу өндөрлөдөг байна.