“Гал сөнөөгч робот” авах хандив хугацаандаа бүрэн цуглаагүй тул иргэдийн мөнгийг буцааж шилжүүлэхээр болжээ

“Гал сөнөөгч робот” авах хандив хугацаандаа бүрэн цуглаагүй тул иргэдийн мөнгийг буцааж шилжүүлэхээр болжээ

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23 /2024.01.23/-ны шөнө “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто зам дээр байгалийн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтэй мөргөлдөж осолдсоны улмаас дэлбэрэлт болж олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Тус дэлбэрэлтийн улмаас галд түлэгдсэн дөрвөн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад амиа алдсан бол үлдсэн иргэд нь гадаад, дотоодод эмчилгээ хийлгэж байгаа.

Энэ ослын дараа “Моод” нэвтрүүлгийн продюссер Б.Болд “ГАЛ СӨНӨӨГЧ РОБОТТОЙ болцгооё” хандивын аяныг “Краудфандин”-гийн хамгийн найдвартай сайт ФАНДИА-р дамжуулан эхлүүлсэн юм. Тус хандивын аянаар дамжуулан нийт 588,640,000 төгрөг цуглуулах зорилготой байсан ч ФАНДИА-н албан ёсны сайтад 30 гаруй сая төгрөг, хандивын дансанд 68,000,803 төгрөг цугларч хандивын мөнгө заасан хугацаандаа хүрч чадаагүй тул ажлын тав хоногт багтаан хандив өгсөн иргэдийн мөнгийг данс руу нь буцааж шилжүүлэхээр болсон талаараа мэдэгджээ.

“МООД” төслийн багийн хэрэгжүүлж буй уг хандивын аянаар том, жижиг 2 робот худалдаж авахаар төлөвлөж байсан ба тус робот нь хүний амь насанд эрсдэлтэй галын бүсэд ажиллаж, орц гарц нарийн, бүх барилга руу орох чадалтай, мөн 6-8 хүний ажлыг хөнгөвчлөх боломжтой ба бодит 400 гаруй гал руу орж туршигдсан хамгийн сүүлийн үеийн загварын автомат удирдлагатай төхөөрөмж хэмээн мэдээлж байсан юм.