Эмийн үйлдвэрийн газрыг дуудлагаар худалдана

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлагаар худалдана

 Улаанбаатар хотын хуучнаар Эмийн үйлдвэрийн газрын барилгажих боломжтой 3150 ам метр газрыг дуудлагаар худалдана. Барилга, хашааг энэ сарын 15 гэхэд чөлөөлөх шаардлагыг хүргүүлэх аж. 

“Энэ бол төрийн өмчийг хууль бусаар ашиглан, дарагдуулж, ямар нэг хөрөнгө оруулахгүй байсаар балгас болгон үнэгүйдүүлж буй тохиолдлуудын нэг. Үүнийг нийслэлээс дуудлага худалдаанд оруулахад хууль, эрх зүйн ямар нэг зөрчил байхгүйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүрэгт байрлах, Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар холбогдох албаныхны хамт ажиллах үеэрээ онцлов.

Эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтад орсныг 1996 онд эмийн үйлдвэр ажиллуулахаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд шилжүүлжээ. Эмийн үйлдвэр нь төвийн халаалт, хүйтэн усны системд холбогдсон ч засвар үйлчилгээ хийгээгүй тул барилгын чанар муу, зураг төсөл байхгүй, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Улмаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон тул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах НИТХ-ын шийдвэрийг 2010 онд гаргасан байна. Одоогоор Эмийн үйлдвэрийн газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй аж. “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах тус барилга Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баруун талаар нь Хүнсний 4 дүгээр дэлгүүрийг 3 дугаар сургуультай холбосон авто замын трасс байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.