Ө.Индра: Монголчууд бүгдээрээ итгэж найдаж байсан тул бүх чадлаараа хичээж, Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн /ВИДЕО/

Ө.Индра: Монголчууд бүгдээрээ итгэж найдаж байсан тул бүх чадлаараа хичээж, Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн /ВИДЕО/

Тив дэлхийд Монгол гэх нэрийг цуурайтуулж, одоогоос арван жилийн өмнө хэний ч бодож, хүсэж байгаагүй тэр мөрөөдлийг биелүүлж яваа хүмүүс бол сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн тамирчид. Тэд хамгийн сүүлд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос хүрэл медаль хүртэж, Монгол иргэн бүрийн цээжинд бахархлын оч бадраасан юм. Харин дараагийн зорилго бол олимп.

Олимтод оролцохын тулд ирэх тавдугаар сард болох олимпийн эрх олгох тэмцээнд эхний гурван байрт орох ёстой. 2020 оны Токиогийн олимпод багийн спортоор оролцож, түүхэн амжилт бүтээсэн охидын шигшээ багийн энэ удаагийн бүрэлдэхүүний нэг гол тоглогч бол яах аргагүй Ө.Индра. Иймд бид энэ удаа 3х3 шигшээ багийн тамирчин Ө.Индраг студидээ урьж, орчин цагт цахиур хагалж яваа тамирчдын нэг болох түүний сагсан бөмбөг тоглох гараа хэрхэн эхэлсэн тухай болон цаашдын зорилго, төлөвлөгөө, энэ спортын сайхан муухай гээд олон зүйлийн талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Анх хэдэн настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн бэ, сагсан бөмбөг тоглож эхлэхэд нь хэн хамгийн их нөлөөлсөн бол?

-3х3 сагсан бөмбөгийн шигшээ багт ороод хоёр жил орчим болж байна. Багаасаа л олон спортоор хичээллэж үзсэн. Найзууд болон ах нартайгаа гадаа талбайд өдөржингөө сагсан бөмбөг тоглож өнждөг байлаа. Тэгээд хамгийн их таалагдсан, надад тохирсон спорт нь сагсан бөмбөг байсан юм. Нэгдүгээрт, бэлтгэл нь хамгийн их таалагдсан. Хоёрдугаарт, би өөрөө бүрэг хүүхэд байсан учраас сургуулийн шигшээд ороод бусад ангийнхантай найзууд болж байгаа нь гоё санагддаг байсан. Хамт олонтой болно гэдэг нь бас нэг шинэ гэр бүлтэй болж байгаа юм шиг сайхан мэдрэмж төрүүлсэн.

-Сагсан бөмбөгөөс өөр чөлөөт цагаараа хийх дуртай зүйл байдаг уу?

-Мотоцикл унах дуртай. Ер нь нэлээд экстрем зүйлд дуртай л даа. Гэхдээ өндрөөс унах ч юм уу тийм зүйл биш л дээ. Нэлээд эрсдэлтэй болохоор тамирчин хүний хувьд бараг л хийх боломжгүй байдаг. Мөн агаарт гарах дуртай. Ямар нэгэн зүйл тохиолдох ч юм уу сэтгэлээр унасан үедээ хөдөө ч юм уу лагер гарчихдаг. Тэр нь тайтгарал, тайвшрал болдог доо.

-ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДАД АЖИЛ ХИЙХ ЯМАР Ч ЗАВ БАЙДАГГҮЙ. ЭНЭ ТАЛААР БИДЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ-

-Тамирчин хэдий ч ажил хийж амьдралаа залгуулах хэрэгтэй шүү дээ. Гэтэл бараг хоногийн 24 цаг бэлтгэлтэй байгаа хүмүүст ажил хийх зав олддоггүй байх. Энэ асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Оюутан байхад хичээл ном бэлтгэлийн хажуугаар маш их стресстүүлдэг байсан. Харин дээд лигт ихэнх нь ажил дээр гарчихсан хүмүүс байгаа шүү дээ. Тэд ажлаасаа чөлөө авна, дарга нь хойноос залгана, цалингаас нь хасна гэхчилэн нэлээд төвөгтэй байдаг. Манай багт л гэхэд өглөө 05:00 цагт ажил дээрээ оччихоод өдөр нь бэлтгэлдээ ирчхээд орой 12 цаг болж байхад ажил дээрээ очиж царайгаа уншуулдаг хүмүүс бий. Үнэхээр хүнд санагдсан.

Бид дуртай зүйлээ хийж байгаа болохоор л тэсдэг байх. Гэхдээ сагсан бөмбөг одоо бол бид нарт ажил болчихсон л гэж ойлгоод байгаа.

Энэ асуудалд эрэгтэйчүүд шиг уян хатан нөхцөлтэй байвал ажил хийхгүй байсан ч болох юм шиг санагддаг. Шигшээ багийн тамирчдад бол ямар ч ажил хийх зав байдаггүй. Зун нь гадаад улсад тэмцээнээр их явчихна. Өвөл Дээд лиг эхэлнэ. Бидэнд бүр сар амрах ч зав байдаггүй. Миний хувьд одоогийн байдлаар улсаас цалинжиж байгаа.

-Азийн аваргад эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хос хүрэл медаль хүртсэн шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ, Тухайн үеийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Азийн наадамд мөнгөн медаль, Азийн аваргад хүрэл медаль хүртсэн. Азийн аварга дээр хасагдах шатанд Хятатдын багтай таарсан. Харин хүрэл медалийн төлөө Тайландын багтай тоглосон. Онооны нэлээн зөрүүтэй явж байсан ч биднийг гүйцэж байх үед их сандарсан. Тэгээд л сүүлийн мөчид хожих тэр мэдрэмж үгээр хэлэмгүй хамгийн гоё байсан.

-Тамирчин хүний хувьд сэтгэл зүй их чухал шүү дээ. Сэтгэл зүй ямар байхаас тухайн өдрийн тоглолт их шалтгаалдаг юм шиг санагддаг. Өөрийн чинь хувьд сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ, Бусдын шүүмжийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Өмнө нь сандардаггүй байсан хэрнээ одоо сандраад байдаг болчихсон байна лээ. Гэхдээ талбай дээр гараад л мартчихдаг. Зарим гадны хүмүүсээс жаахан дарамт шахалт аваад байдаг. Энэ спортыг мэдэхгүй байж, хий хоосон муулаад байдаг. Тийм хүмүүс үнэхээр лайтай санагддаг. Өөрсдөө бид нарын оронд тэр хүмүүстээ тоглож үзээгүй байж эсвэл бид нарын хийдэг бэлтгэлийг нэг долоо хоног хийж үзчихээд олон юм яриасай. Юуг нь ч мэдэхгүй байж дуугүй л үзэх хэрэгтэй.

-СЭТГЭЛ ЗҮЙ МААНЬ ДИЙЛЭХГҮЙ ЮМ БАЙНА БОЛЬЁ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ҮЕ ОЛОН БИЙ-

-Өөрийн чинь хувьд багтаа хамгийн намхан нь шүү дээ. Ер нь сагсан бөмбөгийн тамирчдын дунд намхандаа орох байх. Намхан байхын сул тал болон давуу тал юу байна вэ?

-Намхан тоглогчид самбараас бөмбөг авч чадахгүй. Хэдий сайн үсэрдэг ч гэсэн өндөр тоглогчдын хажууд нуруу дутна шүү дээ. Харин давуу тал гэвэл илүү хурдтай байдаг.

ууц биш бол хувийн амьдралаасаа бидэнд хуваалцахгүй юу. Найз залуутай юу. Ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө байдаг болов уу?

-Найз залуу байхгүй. Төвөгтэй санагдаад байдаг. Бид нар чинь тэмцээн уралдаан гээд гадаад их явдаг. Хартай хүнтэй учирчихвал хэцүү шүү дээ. Тэмцээндээ орж байх үед уурлаж уцаарлах зүйл ч гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ тэгвэл сэтгэл санаа тавгүй болж тоглолтонд нөлөөлнө. Тиймээс ер нь дэмий. Одоохондоо гэр бүл төлөвлөсөн зүйл байхгүй. Урсгалаараа явж л байна даа.

-Энэ цаг үед цойлж гарч ирж байгаа тамичрдын нэг нь яах аргагүй та. Ер нь магтаалыг хэрхэн хүлээж авдаг вэ, Магтаалд хэр биеэ тоодог хүн бэ?

-Би ер нь нэг их биэ тоодог төрлийн хүн биш.

Тэмцээн дууссаны дараа “баяр хүргэе, мундаг байсан шүү” гэсэн чатууд их ирдэг. “Индра чи шүү” гээд миний зургийг бариад дэмжиж байгаагаас их урам зориг авдаг. Бүр хүүхдэдээ миний нэрийг өгнө гэж байсан ч удаатай. Би өөрө үнэхээр гайхаад энэ хүмүүсийн итгэлийг л алдчихгүй юм сан гэж боддог доо.

-Шантрах үе байсан уу?

-Шантрах үе зөндөө байсан. Оюутан байхдаа больё ч гэж бодож байсан. Оюутны лигт аврагын төлөө тоглож байгаад хожигдсон юм. Тэр тэмцээнд үнэхээр том зорилго тавьсан байсан. Ойрхон байсан зүйлээс атгаад алдсандаа үнэхээр харамссан. Миний сэтгэл санаа ч дийлэхгүй юм байна гээд болих талаар бодож байсан. Тэгээд л нэг мэдэхээд зааландаа ирчихсэн бэлтгэлээ хийгээд явж байдаг даа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Анх оюутны лигт аварга авах гэж орсон. Дараа нь аваргаа хамгаалахын тулд орсон юм. Тэгээд энэ нь үргэлжилсээр л байдаг. Спорт угаасаа л ийм. Хэрвээ өөрийнхөө сонгосон спортод үнэхээр хайртай л бол тууштай байгаарай гэж дүү нартаа хэлье даа.

-Ярилцсанд баярлалаа.