Д.Мөнхбат: Булган ууланд янгир нутагшуулснаар Архангайчууд гэр бүлээрээ янгир дурандах гэж ууланд очдог болж, тус бүсийг хамгаалж эхэлсэн /ВИДЕО/

Д.Мөнхбат: Булган ууланд янгир нутагшуулснаар Архангайчууд гэр бүлээрээ янгир дурандах гэж ууланд очдог болж, тус бүсийг хамгаалж эхэлсэн /ВИДЕО/

Архангай аймагт ЕБС төгсөгчдийн холбооны санаачилгаар БОАЖЯ-ы зөвшөөрлийн дагуу Богд уулын дархан цаазат газраас арван янгир барьж, Булган ууланд шилжүүлэн нутагшуулах ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхлүүлсэн. Үүний дараа тус оны аравдугаар сард хоёр тооны тэх дахин нутагшуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Хамгийн сонирхолтой нь Булган ууланд өмнө нь янгир нутагшиж байгаагүй ч нутгийн багачууд тус уулын энгэрт барьсан янгирын хөшөөнд тоглож өссөн бөгөөд сургуулиа төгсөөд үе үеийн төгсөгчидтэйгөө хамтран орон нутгийнхаа шүтлэгт ууланд ийнхүү янгир нутагшуулаад буй. Тус  11 тооны янгир, тэх энэ өвлийн амжилттай давсан бөгөөд сайн идээшиж, удахгүй төллөх гэж байгаа аж. Иймд бид тус ажлын талаар янгир нутагшуулах ажлыг санаачилсан “Сүлд” зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Д.Мөнхбаттай ярилцлаа.

ВИДЕО:

-Булган ууланд янгир нутагшуулах ажлыг хэзээнээс эхлүүлэв. Тус ууланд өмнө нь янгир нутаглаж байсан болов уу.

-Өнгөрсөн 2023 оны зургаадугаар сарын 10-д 11 тооны янгирыг Богдхаан уулнаас Архангай аймгийн Булган ууланд аваачиж тавьсан. Сүүлд нь аравдугаар сарын 11-д хоёр тэх аваачсанаар одоогоор 13 тооны янгир Булган ууланд нутагшаад байна. Яагаад нутагшуулах болсон бэ гэвэл Булган уул орчмын өвс ургамал, тогтоц гэж байна. Ерөнхийдөө ямар зэрлэг амьтан нутаглахад хамгийн тохиромжтой байна гэдэг талаас нь харвал яах араггүй янгирын орон байгаа юм. Тиймээс энэ ууланд янгирыг нутагшуулья гэдэг санаа төрж сүүлийн гурван жил бодсон. Тэгж яваад 2022 оны зунаас эхэлж энэ ажлыг хөөцөлдөж эхэлсэн. Мэргэжлийн хүмүүстэй уулзаж, олон байгууллагад хандаж явсаар зөвшөөрөл нь 2023 оны тавдугаар сард гарсан учир түүний дараа анхны янгируудаа нүүлгэж шилжүүлэх ажлыг хийсэн.

Архангай аймгийн Булган ууланд хоёр "тэх" тавьж буй нь /2023.10.11/

-Янгир нутагшуулах нь тухайн газрын байгаль экологид яаж нөлөөлөв?

-Дэлхийн дулаарал явагдаж буй. Энэ дулааралд хамгийн их өртөж буй амьтадын нэлээн дээгүүрт янгир орж байгаа юм байна лээ. Хятадын эрдэмтэдийн судалгаанаас эш татсан дэлхийн Шинжлэх ухааны сэтгүүлийн нийтлэлд 2050 он гэхэд одоо янгир нутагшиж буй газар нутгийн 40 хувь нь янгиргүй болно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл дулаарлын нөлөөгөөр ихэнх бүс нутагт янгир нутагших боломжгүй болно гэсэн үг. Тэгэхээр хангай газар луу янгирыг шилжүүлж байгаа энэ үйл явж нь 2050 оныг урьдчилан харж хийсэн сайн үйл болж байгаа болов уу гэж харж байна. Харин янгир Булган ууланд очсоноор ямар ямар ач холбогдолтой байна вэ гэхээр нүцгэн уулыг хүн харах, зэрлэг амьтадтай уул, ус харах нь хүнд мэдрэгдэх мэдрэмж, төрөх сэтгэгдэлд нь мэдээж нөлөөлнө шүү дээ. Үүгээр дамжиж хүн байгалийн хоорондын холбоог зэрлэг амьтан тавьж өгдөг. Мөн янгир нь өндөр уулын зэрлэг амьтан учир уулын оргил дээрх өвс ургамлын тоосонцрыг хөлөөрөө дамжуулж ховор эмийн ургамлын тархцыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой байдаг. Энэ нь Булган ууланд нутагшуулсан янгируудын үзүүлж болох хамгийн наад захын жишээ юм.

Архангай аймгийн Булган ууланд хоёр "тэх" тавьж буй нь /2023.10.11/

-Зэрлэг амьтан хүн байгаль хоорондын холбоог тавьж өгдөг гэсэн шүү дээ. Булган ууланд янгир нутагшуулснаар нутгийн иргэдэд ямар нөлөө үзүүлж байгаа вэ?

-Архангай нутгийнхны хүндэтгэн сүсэглэж зул өргөдөг хайрхан болох Булган ууланд янгир нутагшуулснаар хүмүүс үр хүүхдээ дагуулан дуран авч Булган уул руугаа янгир аа харах гэж  зорьж очдог болсон байгаа юм. Нөгөө талаас уул маань эзэнтэй болсон учир түүнийг дагаад Булган уул орчмын эко системийг иргэд болон орон нутгаас хамгаалж эхэлсэн. Энэ ажил маш эрчимтэй идэвхжиж эхэлсэн. Ингээд уул ус маань хамгаалах эзэнтэй болж байгаа юм. Мөн БОАЖ-ы яамнаас өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн Булган уулыг дархан цаазат болгохоор УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байгаа. Миний авсан мэдээллээр одоогоор Уул уурхайн яамны сангийн санал ирэх долоо хоногоос гарна. Харин бусад яамдаас дэмжсэн санал авсан. Тэгэхээр удахгүй Засгийн газрын хурлаар орж, УИХ-д өргөн барьж энэ асуудал шийдэгдэх байх гэсэн хүлээлттэй байж байна. Энэ бол төгсөгчид бидний дээрх ажлыг хийсэн эцсийн зорилго. Булган ууланд зэрлэг амьтад очсоноор хамгаалахын тулд уул, усыг дархалж үлдэх ёстой. Дархан цаазат газар болсноор тус газрын эко системийг хойч үедээ одоо байгаагаас нь сэргээж үлдээх давуу тал үүсэх юм. Түүнчлэн эргээд энэ газар маань байгалийн нөөц газар болж, бусад газарт янгир нутагшуулах боломжтой болно.

-Шинээр нутагшуулсан янгирууд өвлийг хэрхэн давав.

-Янгирууд маань өвлийг маш сайн давж, хавартай золгосон. Богд хаан ууланд байгаа янгируудтай харьцуулбал эрс өөр буюу тарган өнгө зүстэй болж хамаагүй сайжирсан. Энэ нь онгон зэрлэг байгальд хүний нөлөөллөөс хамаарахгүй, дуу чимээнээс хол байгаа учир их сайхан болж байгаа. Янгир, тэхийн маань энэ өвлийн өвс, тэжээлийн мөнгийг Архангай аймгийн 1999 оны төгсөгчид нийлж гаргасан. Өвөлдөө долоо хоногт хоёр удаа тэжээл, хужир тавьж тухайн байршлуудаа автомат камержуулж янгирууд ямар тоо толгойгоор хэзээ ирж идээшиж байгаа үйл явцыг хянаж, зудтай өвлийн амжилттай давсан.

-Нутагшуулсан янгираас хэд нь эм байгаа вэ. Хэзээ төллөнө гэж тооцоолж байна.

-13 янгираас ес нь эм, дөрвөн эр байгаа. Энэ дотроо нэг нь бүр найман настай нас бие гүйцсэн тэх бий. Төллөх хугацаа нь дөрөвдүгээр сарын 25-ас тавдугаар сарын 25-н тэгэхээр одоо ер нь төллөж эхэлж байгаа.

-Нутагшуулсан янгиртаа нэр өгсөн үү. Өгсөн бол юуг бэлгэдэж хэн гэж нэрлэсэн бэ?

-Бид найман настай тэхээ Сүлд гэж нэрлэсэн. Уул, усны эзэн байж харсан хүний сүлд хийморь нь өөдөө байж, сүргийнхээ манлай сүлд нь болж яваасай гэж Сүлд гэдэг нэрийг хайрласан. Одоо манай нутгийнхан тэр янгирыг Сүлдээ л гэж ярьдаг.

-Янгир нутагшуулах ажлыг Архангай аймгийн төгсөгчид нийлж хийсэн гэж ойлгосон.

-Тиймээ. Дээрх 13 янгирыг нутагшуулахад хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол Архангай аймгийн үе үеийн 2000 гаруй төгсөгчид. Жил болгон манай аймгийн 20 гаруй төгсөлт нийлж спортын тэмцээн нутагтаа хийдэг. Тэр тэмцээнээс орж ирдэг бооцооны мөнгөө буцаагаад шагналд тараадаг байсан. Түүнийгээ түрүү жил болиод янгир нутагшуулах үйл ажиллагаанд зарцуулъя гэдэгт бүгд нэгдсэн. Үүний дагуу 40 гаруй сая төгрөгийг тус ажилд зарцуулсан. Энэ бол олон төгсөгчдийн нутаг усаа гэсэн сэтгэлээр бий болсон ажил байгаа юм.