"Нэг редакцад 10-аад хэрэг үүсгэж, 7-8 сэтгүүлчийг нь зэрэг шалгаж эрх ашгийг нь эрүүгийн хуулиар хязгаарлаж байна"

"Нэг редакцад 10-аад хэрэг үүсгэж, 7-8 сэтгүүлчийг нь зэрэг шалгаж эрх ашгийг нь эрүүгийн хуулиар хязгаарлаж байна"

“Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан зохион байгуулах талаараа Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өглөө.

МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр “Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хүмүүсийг хамгаалдаг хууль эрх зүйн орчин алга. Зураглаачийн биед халдах тохиолдолд гомдол гаргасан ч зохицуулах хууль алга. Гэтэл өмгөөлөгч, хуульч, шүүгч, цагдаагийн биед ямар нэг байдлаар гар хүрвэл эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Хэвлэл мэдээллийн салбарын ажилчид НҮБ-ын томоохон конвенцоор хүний эрхийг хамгаалагчид болж хувирсан ч үүргээ биелүүлэх эрх зүйн орчин нь байхгүй байна. Иймд эл асуудалд салбараараа нэгдэж хамтдаа шийдвэрлэе. Энэ хүрээнд бид тавдугаар сарын 3-нд 10:30-13:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайд цуглаан зохион байгуулна.

МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч З.Боргилмаа “Яагаад бид энэ асуудлыг хөндөж байгаа вэ гэвэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт буюу Бусдын нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд түгээсэн бол эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх заалтын дагуу нэг редакцад 10-аад хэрэг үүсэж нэг газрын 7-8 сэтгүүлч зэрэг шалгагдаад явж байна. Тэгэхээр Эрүүгийн хуулиар хэвлэл мэдээллийн салбарын ажилчдыг айлгах, олноор нь хоморголох маш том хавах бий болгож, маш эрчимтэй ажилладаг болоод байна. Эрүүгийн хуулийн заалтаар сэтгүүлчийг шалгах явцдаа эрхийг нь хэтрүүлэн хязгаарладаг. Үүсэх үр дагаврыг нь тооцолгүйгээр эрхийг нь хязгаарлахдаа хэтрүүлэн шалгадаг байдал хэм хэмжээ болж тогтох эрсдэл, аюул руу бид орж байна. Жишээ дурдвал, Зариг.мн сайтын үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгийн хэрэг байна. Тус хэргийг шалгаад хяналтын шатанд шилжүүлсэн хэр нь мэргэжлийн эрхийг нь хязгаарласан шийдвэрийг шүүхийн байгууллагаас гаргасан.

Сүүлийн 30 жил Монгол Улс чөлөөт хэвлэлтэй ардчилсан улс болж хөгжиж буй. Энэ явцад нэг редакцад 10-аад хэрэг нээнэ шалгадаг 7-8 сэтгүүлчийг зэрэг шалгадаг тохиолдол гарч байгаагүй. Тэгэхээр эл хэрээс хэтэрсэн эрхээ хязгаарлуулж буй байдлыг бид хүчээ нэгтгэж дээд шатны байгууллагууд болон иргэдэд мэдэгдэж, эрхээ хамгаалахгүй бол ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх гэдэг байдал алга болох аюул бидэнд тулгарч байна. Хэвлэлийн эрх чөлөө хаагдсан тохиолдолд иргэд алдагдсан, зөрчигдөн эрхээ хамгаалах боломжгүйд хүрдэг. Энэ зөвхөн сэтгүүлчдийн эрх ашиг биш энэ улс оронд амьдарч буй чөлөөт бүх иргэдийг эрх ашгийг хөндөж буй асуудал учир хамгийн түрүүнд сэтгүүлчид бид нэгдэж, тэмцэх ёстой болоод байна.

Мөн Эрүүгийн хуульд зөвхөн илт худал мэдээлэл нийтлэх замаар бусдын нэр хүндэд хандах гэмт хэрэг төдийгүй 10 гаруй зүйл заалтаар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөө, үгээ хэлэх эрх чөлөөг хязгаарласан заалт байна гэдэг нь судалгаагаар гарч ирсэн. Үүнийг бид Монголын хуульчдын холбоотой хамтран судалж эхний байдлаар тодорхойлоод байна” гэлээ.