Монголд ургадаггүй сортын жимсний моднуудыг тариалахын зэрэгцээ, олон төрлийн нарийн ногоо, цэцэг зэргийг тарьж, 21 төрлийн усан үзэм, 14 төрлийн алим, өндөгнөөс том гүзээлзгэнэ, лийр, анар, киви гэхчлэн олон төрлийн ховор олдоцтой бүтээгдэхүүнүүдийг нэгэн гэр бүл Монголд амжилттай ургуулж ургацаа авч эхлээд гурав дахь жилтэйгээ золгож байгаа аж.
Иймд бид энэ удаад үзэгч, уншигчдадаа өрхийн хэрэгцээний жимс ногоогоо өөрсдөө тариалах боломжтой гэдгийг харуулж, мэдлэг мэдээллийг дамжуулах үүднээс Налайх дүүргийг зорьсон юм. Ингээд бидний сурвалжилгыг хүлээн авна уу.
ВИДЕО:
Дээрх туршилтын амжилттай хийж, өвлийн хүлэмжид ногоо тариалж эхэлсэн Т.Батсүх гэх залуу АНУ-ын Харвардын их сургуулийг амжилттай дүүргэж монголдоо аж төрхөөр ирсэн ч хүнсний аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрч чадалгүй анх өрхийн хэмжээнд жимс, ногоо тариалд гэр бүлийн хамтаар энэхүү ажлаа эхлүүлсэн аж. Улмаар гурван жилийн өмнө жимсээ авч эхэлсэн бөгөөд ОХУ, БНСУ, Турк зэрэг улсуудаас амттай, ховор сортын жимсийг авч, туршаад амжилттай үр дүнд хүрчээ.
Харин өдгөө өвлийн хүлэмжийнхээ орон зайг ашиглан долоон төрлийн цэцэг, найман төрлийн нарийн ногоо, 10-аад төрлийн жимс, жимсгэнийн мод тариалан, үржүүлэг хийж “Монгол хөрс, дөрвөн улирлын хүлэмж” ХХК-ийг үүсгэн байгуулжээ.
Түүнчлэн тус компани нь дахин ховор төрлийн жимсний мод тариалах туршилтаа эхлүүлээд байгаа бөгөөд монголчуудын хэрэгцээнд нь тулгуурласан өрхийн хүлэмжийг янз бүрийн хэмжээ загвараар бэлтгэдэг байна.
“Монгол хөрс, дөрвөн улирлын хүлэмж” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Батсүх “Манай компани өвлийн болон өрхийн хүлэмжийг хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Ингэхдээ бага насны хүүхэд, настай хүн гэхчлэн хүн болгонд таарсан өрхийн хүлэмжийг барьж өгдөг. Мөн өвлийн хүлэмжийг хөгжүүлж, олон улсаас монголд ургадаггүй сортын жимснүүдийг авч ирж тариалдаг. Анх үр хүүхдэдээ эрүүл жимс, ногоо идүүлэх зорилгоор эхэлж байсан хүлэмжийн аж ахуй маань долоон жил үргэлжилж байна.
Энэ хугацаанд нэлээд томруулж, төрлөө нэмсэн. Манай өвлийн хүлэмжийн хувьд доторх олон зайг маш сайн ашигласан. Мөн сууринаас нь эхэлж нарийн тооцоолж барьсан. Монголд 1 метр 80 см-ээс 2 метр 50 хүртэл хөрс хөлддөг учир хүлэмжээ тойрсон суурийг энэ хэмжээгээр тооцоолж, дулаалга болгон барьсан. Тэгэхээр гадаа тас хөлдүү байсан ч хүлэмжийн хөрс хөлддөггүй.
-Одоо үрслэгээний үе. Танай хүлэмжид ямар ямар төрлийн үрсэлгээ явагдаж байна.
-Яг одоогоор манай хүлэмжид 20-иод мянган нарийн ногооны үрсэлгээг хийж байна. Бас хот тохижуулалтад зориулж таван төрлийн цэцгийн үрсэлгээг хийж байна. Бид өвөлдөө хөрсөө бэлддэг. Хөрс сайн байж, үрсэлгээ сайн болно. Тиймээс бүх зүйлээ нэг бүрчлэн хянаж, гараар хийдэг.
-Хэдэн төрлийн жимсний сортоор суулгацаа бэлддэг вэ?
-Гүзээлзгэнэ л гэхэд маш олон сорт байдаг. Тэр дундаа монгол хөрсөнд ургаж байгаа гүзээлзгэнэ үнэхээр амттай гардгийг сүүлийн дөрвөн жил туршиж үзсэн. Гаднынхан хүртэл зөвхөн манай гүзээлзгэнийг амтлах гэж монголд нэг өдөр ирээд буцдаг. Одоогоор манайд 2000-аад гүзээлзгэнийн суулгац худалдаанд гарахад бэлэн болсон байна. Эдгээр суулгацууд маань том хөрсөндөө суугаагүй байж жимслээд эхэлчихсэн байгаа. Манайд Турк сорт байгаа. Монгол гүзээлзгэнэ олон төрөл бий.
-Гүзээлзгэнийн хувьд монголд ургаж байгаагүй хэдэн сорт байгаа вэ. Мөн монгол жимс амттай байдаг ч хэмжээ нь жижиг байдаг гэдэг шүү дээ. Танай жимсний хувьд яаж гардаг вэ?
-Монгол жимс жижигхэн байдаг учир судалж байгаад том ургадаг сортыг туршиж, ургуулсан. Одоогоор монголд байдаггүй хоёр сорт бий. Нэг нь БНСУ-ын “кинг бэрри” гэж маш том амттай болдог сорт болон ОХУ-ын 120 грамм болдог сорт байна.
-Мэдээж монголд угуулахад хамгийн их арчилгаа ордог жимс нь усан үзэм шүү дээ. Танайх хэдэн төрлийн, ямар сортын усан үзэм тариалж байна.
-Энэ жилийн хувьд манайх нийт 21 төрлийн усан үзэм тарьж, жимсийг нь авч байгаа. Манайх гурван жилийн өмнө анх усан үзмийн ургац авсан. Эхний жил 40 км усан үзэм авч байсан. Харин өмнөх жил 70 кг болсон. Энэ жил 100 км авах байх гэж таамаглаж байна. Бид усан үзмийн ургацаа 12 сар хүртэл авчихдаг.
-Тандалт, үржүүлгийн хувьд ямар арга хэмжээ авч, энэ олон сортыг амжилттай болгов?
-Бид усан үзмийн модоо үржүүлэхдээ үрээр үржүүлдэггүй. Учир нь үрээр үржүүлэхээр жимс нь гарахгүй уддаг. Зарим нь бүр жимслэхгүй олон жил болдог юм байна лээ. Тиймээс бид үндсээр үржүүлдэг. Тэгээд залгаа хийж, мөчрөөр үржүүлдэг.
Гол нь усан үзмийг монголын нөхцөлд одоогоор заавал хүлэмжид тариалах хэрэгтэй. Бид -40 градуст ургадаг канад сортыг туршиж үзээд амжилтгүй болсон. Гэхдээ энэ жилээс дахин туршина. Ямар нэг байдлаар гадаа ургадаг усан үзэм л гаргах зорилготой явж байна. Бидний хувьд эндээс ашиг олох гэхээсээ илүү туршилт хийж, амжилттай болгоод олон түмэнд хүргэх зорилготой.
-Өөр ямар ямар төрлийн ховор жимс, жимсгэнийн моднууд байгаа вэ?
-Сүүлийн хоёр жил манай ховор төрлийн жимсний моднуудын туршилт амжилттай болж жимсээ өгч эхэлж байгаа. Тэр нь цангис, киви, анар жимснүүд байна. Мөн нийт 14 төрлийн алим байна. Үүнд монголын хаана ч ургадаггүй том том ургадаг, амттай алим зэрэг багтаж байгаа. Ирэх жилээс инжир гээд бүр ховор төрлийн жимсний модыг тарьж, олонд гаргахаар туршиж байна.
-Өвлийн хүлэмжид тариалсан ногоо, жимсний модноосоо жилдээ хэдэн удаа ургац авч байна.
-Нарийн ногооноос жилдээ 7-8 удаа ургац авдаг. Бууцай, юууцай, яншуй гэхчлэн 30-40 хоногт ургачихдаг ногоо их бий. Өвөл 1-2 дугаар сард жаахан удаашралтай ургадаг. Жимсний хувьд арванхоёрдугаар сар хүртэл ургадаг. Ахиад шинэ ургац авахын тулд жаахан унтуулж, амраадаг. Тэрнээс биш ургуулаад л байвал ургуулаад байж болдог юм байна лээ.
-Нэлээд олон төрлийн ховор жимсний мод амжилттай ургасан байна л даа. Тиймээс сонирхоод асуухад та бүхэн хүлэмждээ ямар хөрс ашигладаг вэ?
-Монгол хонины бууц, монгол хар шороо үнэхээр гоё хөрс болдог. Үүнийг би 100 хувь итгэлтэй хэлнэ. Зүгээр л энгийн адилхан хөрс байж гаднынхан манай жимсийг амттай байна гэж ирж амталж үзээд байгаа нь монгол хөрсний онцлогт байгаа юм.
-Гадаа тарьдаг моднуудын арчилгааны хувьд?
-Арчилгаа гэхээс илүү хашаа маш чухал манайх модоо тойруулж, олон улсын стандарт болсон салхи хагалдаг, салхины хүч бууруулдаг, цас хунгарлуулдаггүй цоорхойтой төмөр хашааг барьсан. Үүнийг монголчууд маань бас хэрэглээсэй гэж боддог. Маш хэрэгтэй зүйлүүдийг нэг байгаа юм.
-Хүлэмжийн аж ахуй эрхлэх гэж буй хүмүүст ямар шугамаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн бэлтгэж өгдөг гэсэн үү?
-Тиймээ. Манайх хүлэмжийг 3:4 харьцаатай хамгийн жижгээс нь эхлээд ямар ч туршлагагүй настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглаж хэрэглэж болохоор 1000 метр хүртэлх хэмжээний 4-5 төрлийн загвартай, өөр өөр материалтай бэлтгэдэг.
-"НОГОО ТАРЬЖ, ЗӨӨВӨРЛӨХ" БОЛОМЖТОЙ МАЛЫН ДУЛААН БАЙРЫГ ХИЙЖЭЭ-
Түүнчлэн “Монгол хөрс, дөрвөн улирлын хүлэмж” ХХК монголд анх удаа зөөвөрлөх боломжтой малын дулаан байрыг бий болгожээ. Ингэхдээ адуу, тэмээний болон үхрийн. Мөн хонь, ямааны болон мөөг тарьж болох гахай тахианы дулаан байрны шийдлийг туршиж, ашиглалтад оруулжээ.
Фермерийн зориулалтаар ч үйл ажиллагаа явуулах боломжтой тус байруудыг олон улсад ашиглаж буй зүчээ болон үхрийн фермерийн байрны босох өртгөөс хоёр дахин хямд өртгөөр босгосон байна.
Энэхүү байрууд нь зөвхөн нарны дулааныг ашиглан халдаг. Мөн гадагшаа дулаан агаараа гаргах сэнстэй. Халдаг гэрэл болон хашаа, тэжээлийн онгоц зэргээр тохижуулсан зөөвөрлөх боломжтой бөгөөд малчдын хэрэгцээнд тохируулан 200 метр хүртэлх хэмжээгээр бэлтгэдэг байна.
Хамгийн сонирхолтой нь тус байруудыг өвөл машинаа дулаан хонуулахад ашиглахын зэрэгцээ бусад улиралд ногоо тариалж, аж ахуйн хүлэмжийн зорилгоор ашиглаж болох аж.
ФОТО: