Сураггүй алга болж, улмаар нас барсан байдалтай олдсон Монголын хоёр уулчин эмгэнэлт хувь тавилантайгаа учрахаас өмнө Эверестийн оргилд хүрсэн гэдгийг албаныхан баталж байна хэмээн Everest Chronicle агентлаг мэдээлэв.
53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт оргилд хүрсэн гэж Аялал жуулчлалын газрын уулын авиралтын хэсгийн дарга Ракеш Гүрүнг албан ёсоор мэдээлжээ. “Нас барсан уулчдын гар утсанд оргилын гэрэл зургийн нотолгоо байсан. Хоёр уулчин хамтдаа оргилд хүрч, бие биеийнхээ гэрэл зургийг авсан.
Хэдийгээр зураг дээр цаг агаар сайхан харагдаж байгаа ч маш их салхитай өдөр байсан. Тэд буухдаа эрчим хүч, хүчилтөрөгчгүй болсон байх” гэж 8K Expeditions-ийн Пемба Шерпа хэлсэн байна.
Хоёр уулчин 8K Expedition-ээс зохион байгуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй Монголын экспедицийн нэг хэсэг байсан аж. Гэсэн ч бидний өмнө нь дурдсанчлан уулчид зөвхөн баазын үйлчилгээ, авч, хүчилтөрөгчийн төлбөрийг төлсөн бөгөөд Шерпагийн тусламжгүйгээр бие даан авирсан билээ.
Тэдний авиралт болон болсон үйл явдлыг “Everest Chronicle” агентлагаас эш татаж нарийвчлан хүргэе, Уулчдыг хамгийн сүүлд тавдугаар сарын 13-ны өглөө 8.54 цагт IV баазаас дээш хамт алхаж байхад нь хүчтэй салхины улмаас оргилдолгүй уруудаж байсан “TAG” Балбын багийнхан харагдсан байдаг. Улмаар TAG Непалын багийнхан IV бааз дээр хүрээд тэд цаг агаар муу байсан ч оргил руу авирч байна гэж мэдээлсэн аж. 8К экспедицүүд хаана байгааг нь мэдэхийн тулд тэдэнтэй радио холбоо тогтоохыг оролдоход тэд IV лагерьт, майхныхаа хажууд радиогоо орхисон байсныг олж мэдсэн байна. Тэд яагаад радиогоо орхисон нь одоогоор тодорхойгүй хэвээр байна. Тэдний радиог олсны дараа албаны хүмүүс болон экспедицийн зохион байгуулагчид эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн. Гэвч харилцаа холбоогүйн дээр цаг агаарын таагүй байдлаас болж эрлийн ажил нэлээд хойшлогдсон юм.
8К экспедиц нь Печхумбе Шерпа, Мин Нурбу Шерпа, Аржун Карки, Ланка Рам Таманг нарыг эрэн хайх, аврах ажилд илгээжээ. Мөн эрэн хайж эхэлсэн цаг нь манай уулчдын оргилдсон цагтай давхцаж байгаа юм.
Эверестэд авирч байсан бараг бүх агентлагууд тавдугаар сарын 13-ны өглөө хүчтэй салхи шуурсны улмаас оргилд гарах оролдлогоо зогсоож, тагтны бүсээс уулчдыг эргүүлэн татсан байдаг. Тухайн үед салхины хурд 70-80 км/цаг хүрч байжээ. Түүнээс хойш тавдугаар сарын 16-нд тухайн өдөр оргилд гарсан цорын ганц уулчин болох Макалу болон уулчин Шерпа нар оргилоос бууж явах замдаа хоёр цогцос харсан тухай мэдээлсэн аж. Эрлийн ажлын үр дүнд Ц.Өсөхжаргалын цогцсыг Баасан гаригийн өглөө /2024.05.17/ 8750 метрийн өндөрт шатан дээр дүүжлүүлсэн байдалтай байхад нь олдсон бол Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг нэг өдрийн дараа буюу тавдугаар сарын 18-ны өдөр 8300 метрийн өндөрт хадан цохионоос олсон юм.
8К-ийн Лакпа манай хоёр уулчныг ядарч туйлдсан, хүчилтөрөгчийн дутагдалд орсны улмаас амиа алдсан гэж таамаглаж байгаа юм байна. Мөн Ц.Өсөхжаргал түрүүлж унасан байж магадгүй бөгөөд Л.Пүрэвсүрэн түүнд туслах гэж оролдсон. Гэвч цаг агаарын таагүй нөхцөл байдал, нөөц, хүчилтөрөгчийн хомсдол зэрэг шалтгаанаар Ц.Өсөхжаргал туслах боломжгүй болж, өөрөө буухыг оролдсон байж магадгүй байгаа аж.
DoT-ийн албаныхны мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт Катмандуд ирсэн тэдний ар гэрийнхний хүсэлтийн дагуу уулчны цогцсыг гаргахаар ажиллаж байна. Гэвч тэдний цогцсыг, тэр дундаа бие нь нэн найдваргүй, ээдрээтэй хадан цохионд гацсан Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг буулгахад хүндрэлтэй байгаа гэж аврах багын эх сурвалжуудаас эш татаж, Everest Chronicle агентлаг мэдээлээ.