НЭГ СЭДЭВ: "Дампуурлаа зарлах" гэж байсан Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллийг ЗГ-аас ил болсноор 1.7 их наядын зээл эргэн төлөгджээ

НЭГ СЭДЭВ: "Дампуурлаа зарлах" гэж байсан Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллийг ЗГ-аас ил болсноор 1.7 их наядын зээл эргэн төлөгджээ

Хөгжлийн банк одоогоос хоёр жилийн өмнө Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 720 тэрбум төгрөгийн зээлээ өөрийнхөө эх үүсвэрээр төлж чадахгүй, дампуурлаа зарлахад хүрээд байсан. Гэсэн ч өнөөдөр Хөгжлийн банк хөгжиж, олон улсын банк санхүүгийн салбарт байр сууриа бэхжүүлж, нэр хүндээ хадгалж үлдэх боломжтой болоод байна. Тэгвэл тус банк хэрхэн энд хүрэв гэдгийг бид "Нэг сэдэв" буландаа онцолж байна. 

ВИДЕО: 

ОУВС-гийн ажлын хэсэг 2022 онд Монгол Улсад ажиллахдаа “Хөгжлийн банкны нийт активын 53 хувь нь чанаргүй зээлдэгч байгаа тул тус банкийг татан буулгах нь зүйтэй” гэх зөвлөмжийг өгсөн байдаг. Харин нөгөө талд Хөгжлийн банкаар босгосон Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 720 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкны өөрийнх нь эх үүсвэрээр төлж чадахгүй, дампуурлаа зарлах нь гэсэн асуудал босож ирэв.

Гэсэн ч Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг ил болгосноор тус банкны зээл олон нийт, хуулийн байгууллагын бүрэн хяналтад орж, зээлүүд эргэн төлөгдөж эхэлсэн байдаг. 

Тухайлбал, Алтай группын хувь нийлүүлэгч Х.Бат-Эрдэнийн байгуулсан “Монгол драй милк” 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр барина гээд авсан 14.9 сая ам.долларын зээл, Б.Эрдэнэбатын Эрэл компани “Угсармал орон сууц” барина гээд авсан 23 сая ам.доллар, мөн 12.1 сая еврогийн зээл, Чингис хаан банкны авсан 25 тэрбум төгрөгийн зээл, иргэн Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” компанийн 50 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн асан Ундармаагийн Бишрэлт групп, Монгол мах экспо, Веллмарт зэрэг компаниудаараа авсан 40 гаруй тэрбум төгрөгийн зээл, ХХБ-ны эзэн Д. Эрдэнэбилэгийн хамаарал бүхий Кью Эс Си компанийн 71.3 тэрбумын зээл, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” компанийн 18.7 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдоржийн Ш.Билэгтэйн "Шанх майнинг" ХХК-ийн 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Харин эдгээр зээлийн зарим нь чанаргүй ангилалд орж, Хөгжлийн банкинд өндийх боломж олгохгүй, сөгдүүлж байсан нь нууц биш. 

Харин Засгийн газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг ил болгосноор тус банкны зээл олон нийт, хуулийн байгууллагын бүрэн хяналтад орсон. Мөн Хөгжлийн банкны сонсголоор хэн, хэрхэн зээл авсан, үүнд нь ямар хүмүүс нөлөөлж байсан зэрэг мэдээлэл ил тод зарлагдсан юм. Ингээд олон жил төлөгдөөгүй, чанаргүй зээлийн ангилалд орсон зээлүүд эргэн төлөгдөж, энэ мөнгөөр Самурай, Евро бондны эргэн төлөлтөө хугацаанд нь төлөгдөж Хөгжлийн банк дампуурлаас гарсан. Эдийн засагт, хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гэж зорих, зовох манай улсад хамгийн сайн мэдээ энэ байлаа. Учир нь олон улсад дахин бонд гаргах боломж бүрдэж, Монгол Улс зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж чадсан юм. Энэ оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 1.67 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байгаа гэдгийг албаныхан мэдээлж байна. Нэг үгээр хэлбэл Хөгжлийн банк хөгжиж, олон улсын банк санхүүгийн салбарт байр сууриа бэхжүүлж, нэр хүндээ хадгалж үлдэх боломжтой боллоо. 

Хөгжлийн банкны зээлийн мэдээлэл нь ил болсноор эрх мэдэлтэй, албан тушаалтнууд зээлээ төлж, сайн хүний дүрд хэсэгтээ тоглосон ч хуулийн байгууллагаас тэдэнд холбогдох хэргийг шалгаж, улмаар хоёр шатны шүүхийн шийдвэр гараад байна. Гэхдээ Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэг “Бүлэглэлийн шүүхээр орж, зарим нэр бүхий хүмүүсийн хэрэг нь цагаадсан” гэдгийг ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, ХҮН намын дэд дарга Б.Найдлаа нарын 27 хүнийг анхан шатны шүүх цагаатгах шийдвэр гарсан байдаг. Гэхдээ давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, уг хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болоод байна.




Өнөөдөр тахиа өдөр

22 цагийн өмнө