Цагаан сарын баярт хязгаарлалт тавьсан ч  үзэсгэлэн худалдаанууд үргэлжилсээр байна

Цагаан сарын баярт хязгаарлалт тавьсан ч үзэсгэлэн худалдаанууд үргэлжилсээр байна

ЗГ-ЫН ШИЙДВЭР ТӨРИЙН ОРДОНД ҮЙЛЧИЛСЭНГҮЙ

Урд хөршөөс эхэлсэн корона вирусын халдвар хойд хөршид ч бүртгэгдэн “Монгол орныг корона вирус тархах өндөр эрсдэлтэй орон” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлсон. Аюулт коронагийн сургаар ард түмэн сандралдан, Засгийн газраас ч урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль цэцэрлэг, их дээд сургууль МСҮТ-ийн гээд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон билээ. 

Гэвч энэ шийдвэр гарснаас ердөө нэг хоногийн дараа төрийн ордонд цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж “Засгийн газрын шийдвэр төрийн ордонд үйлчилдэггүй” гэсэн шүүмжлэлийг хүртсэн. Сангийн сайд нь энэ тухай “урьдаас төлөвлөчихсөн үйл ажиллагаа тул яах ч аргагүй зохион байгууллаа” гэсэн утга бүхий тайлбар хэлээд өнгөрсөн.

Удалгүй дэлхийн байдал хурцдан халдварын тархалт нэмэгдэхэд Үндэсний Аюулгүй Байдал зөвлөл хуралдаж Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг баярын нэг болох Цагаан сарын баярт хязгаарлалт тавьсан. Бөхийн барилдааныг хориглон, төрийн болон албан газрын золголтыг хориглосон шийдвэр гарч ард олныг ихээхэн шуугиулсан. Гэвч...

ЦАГААН САРД ХЯЗГААРЛАЛТ ТАВЬСАН Ч ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР

Цагаан сарын үзэсгэлэн худалдаанууд ар араасаа цувран үргэлжилж ард олныг өргөн дэлгэр тэмдэглэхийг уриалах мэт зохиогдсоор байна. Өнөөдөр л гэхэд Их наяд плаза, “UB palace”, Золбоо-35, Бишрэлт их дэлгүүр, Дүнжингарав худалдааны төв, Чингис И-Март гэх мэт томоохон худалдааны төвүүдэд “Цагаан сарын үзэсгэлэн худалдаа-2020” нэрийн дор түм түжгэнэж, бум бужигналаа.

Хамгийн сонирхолтой нь УИХ-аас хууль гарган байгуулсан Хөдөө аж ахуйн бирж “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг Хан Уул дүүргийн лангуу худалдааны төвд зохион байгуулж байна.

Наагуураа цагаан сард хязгаарлалт тавьсан ч цаагуураа энэ олон үзэсгэлэн худалдаагаар цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхийг дэмжих мэт ард түмнийг эргэлзүүлж орхив. Гэтэл өнөөдөр л гэхэд корона висураар нас барагчдын тоо 426-д хүрч, 24 цагийн дотор л нас барсан хүмүүсийн тоо 64-өөр нэмэгдсэн. Дэлхийн улс орнууд хилээ хаан, ард иргэддээ сэрэмжлүүлэн, дархлаагаа дэмжих “дайн”-ыг эхлүүлж байхад манайд өргөн хэрэглээний барааны үнэ гэнэтхэн өсч “хиймэл” эрэлтийг бий болгоход нэг хэсэг нь “өвчнөөс айн хүнсээ нөөцөлсөн” гэх, нөгөө хэсэг нь “цагаан сарынхаа бэлтгэлийг бацаасан” гэх.

Засгийн газраас шийдвэр гарган шуурхай ажилласан ч “богино настай” шийдвэрээрээ “болохгүй гэснийгээ” дэмжсэн мэт дуугүй суусаар л байна.  

Кино театруудыг хааж, баар цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулав. Аюулт өвчнөөс аврагдахын тулд ингэх нь зүйтэй. Удалгүй улс даяар цагаан сарын баярт хязгаарлалт тавив. Гэвч цагаан сарын үзэсгэлэн худалдаанууд хаа сайгүй зохиогдон, суваг солих бүрт ард олныг очихыг урьсан реклам, сурталчилгаанууд гарсаар. Аль хэдийн хөгшчүүл тэтгэврийн зээл хөөцөлдөн цагаан сардаа бэлдээд эхэлчихсэн. Засгийн газар “дүлий дүмбэ” оргисоор... Ерөөс “Монголын хууль гурван өдөр хэрэгждэг” гэх үгний нэгэн жишээг эндээс тод харж болно. Хэдий болтол “гуравхан өдрийн настай” хуулиар гурилдаж суух вэ?