Ш.Түвшинжаргал: Гэр бүлээрээ 120 мянга гаруй км замыг автомашинаар туулж, дэлхийн 60 улсаар аялсан /ВИДЕО/

Ш.Түвшинжаргал: Гэр бүлээрээ 120 мянга гаруй км замыг автомашинаар туулж, дэлхийн 60 улсаар аялсан /ВИДЕО/

"Гэр бүлийн хамт өөрсдийн автомашинтайгаа дэлхийг тойрч аялна" гэх хэний ч толгойд төсөөлөгдөөгүй мөрөөдөл тээж, цэнхэр машинаа хөлөглөн, дэлхийг тойрсон энэ залууг Ш.Түвшинжаргал гэдэг. Түүнээс өмнө Монголоос автомашинтайгаа ингэж хол явсан туршлага, түүх ховор учраас хэцүү байсан нь дамжиггүй. Гэхдээ л тэр зорьсондоо хүрч, дэлхийн 60 улсаар, нийт 120 мянга гаруй км замыг туулж, монгол дугаартай автомашин хүрээгүй олон газраар яван, аялах чин сонирхолтой олон гэр бүлд шинэ цонхыг нээн өгчээ. Харин одоо гадаад руу хол болон ойрын зайд аялах гэж буй олон гэр бүл түүнээс л зөвлөгөө авч аялалдаа гарах болсон аж. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Анх хэзээнээс аялж эхэлсэн бэ. Мөн автомашинтай холын зайн аяллыг яагаад хийхээр болов. Монголчууд өмнө нь ингэж явсан түүх төдийлөн ховор байсан шүү дээ?

-7, 8 дугаар ангидаа Бээжин, Хонг Конгоор явж, анх удаа хилийн дээс алхаж үзсэн маань зуны турш нүд, сэтгэлээс огт арилахгүй байсан. Тэгээд л аялалд дуртай болсон юм шиг байгаа юм. Дараа нь оюутан болоод арав гаруй орноор үүргэвчтэй аялал хийгээд сүүл рүүгээ жаахан уйтгартай болсон. Учир нь ихэнхдээ аяллын компаниудаар дамжуулж хөтөчтэй явдаг учраас заасан газар луу нь л явдаг. Тэр нь жаахан уйтгартай.

Иймд анх цэнхэр машинтайгаа эхнэр бид хоёр 2018 онд Лондон явсан. Түүнээс өмнө бараг долоон жил явах юмсан гэж бодсон. Яагаад бодоод байгаад байсан бэ гэхээр яаж явдаг юм бол гээд асуух хүн огт байгаагүй.

Монгол жолооны үнэмлэхтэйгээ үнэхээр яваад байж болох юм уу, хаанаас зөвшөөрөл бичиг цаас авдаг юм бол гэж бодоод ерөөсөө зориг хүрэхгүй байж байсан ч ямартай ч 2018 онд анх холын аяллаа хийсэн дээ.

-Аялагч хүний тань хувьд өөрөөс чинь нэг зүйлийг асуумаар байгаа юм. Аялалд гарахдаа хүмүүсийн хамгийн их алддаг, асуудал болдог зүйл юу вэ?

-Хүмүүс аялалд гарахдаа маш их юм бэлдчихээд байдаг. Хэлээд байхад л маш их ачаа аваад замдаа зарим нь хэрэггүй болоод хаягддаг. Хол аялалд гарахдаа хүмүүс харь гараг руу явах гэж байгаа юм шиг л их зүйл бэлдээд байдаг юм. Гэтэл хил гараад л бүх зүйл бэлэн байгаа шүү дээ.

-Гэр бүлийнхэн нь хэр аялал дуртай хүмүүс байдаг вэ?

-Гэр бүлийнхээ хүнтэй анх нийлэхэд л дэлхийг тойрч аялна гэж ярьдаг байсан. Эхнэр маань эхэндээ сонсогч байсан бол сүүлдээ бүр автаад цуг ярьдаг болсон.

Одоо бол манай гэр тэр чигээрээ аяллын хорхойтон болчихсон.

-Монгол автомашинтай хилийн дээс алхахад үүсдэг хамгийн том асуудал юу байв?

-Эхлээд явахад хил гааль маш их асуудалтай байсан. Монгол хүн очиж байгаагүй газар байхгүй ч Монгол дугаартай машин орж байгаагүй маш олон улс байсан. Тийм учраас хүнийг нь бүртгэчхээд машиныг нь бүртгэх гэхээр манай улс байдаггүй учраас их төвөгтэй болно. Тэр нь бүтэн өдөр үргэлжилнэ. Эхний цэнхэр машинтай явахад маш их асуудал гардаг байсан. Тэгээд л тухайн улсын хилийн ажилчид, “дараа дахин Монгол хүн ирэхэд ямар ч асуудалгүй боллоо. Бид зэсэндээ нэмсэн” гэж хэлдэг байсан. Тэгэхээр тэнд Монгол гэр бүлүүдэд нэг том цонх үүссэн гэсэн үг.

-Дэлхийд Монголыг юугаар нь хамгийн их мэдэж байх шиг байна?

-Эхний удаа явахад “Чингис хаан” л гэдэг байсан бол дараагийн удаа явахад “Хү” гээд л орилдог болсон байсан. Тэгэхээр дэлхий даяар цуурайтсан хоёр нэр бол Чингис хаан болон Хү гэдэг хоёр нэр байгаа юм.

-Иргэд, уншигчдад нэг зүйл сонирхолтой санагдаж байгаа байх. Хүүхдүүдийнхээ хичээл, сургууль, боловсролын асуудлыг хэрхэн шийддэг бол?

-Биднийг аялж байх үед гэрээс, онлайнаар хичээллээх хөтөлбөр хараахан батлагдаагүй байсан. Манай хүүхдүүдийг багш нарын дэмжлэгээр л төгсгөсөн. Мөн багш нар дэмжихээс гадна хуулийн асуудал үүсдэг. Учир нь онлайн сургуулийн хөтөлбөр байхгүй учраас 45 хоногоос дээш хичээлдээ ирээгүй бол авттоматаар хүүхдийг нь хасчихдаг юм байна. Тэгээд замд нэг гоё зүйл болсон нь бид Боловсролын дэд сайдтай таараад хамаг хичээл номоо үзүүлээд аяллаа ингээд үргэлжлүүлж байгаа. Гэхдээ сургуульдаа очихгүй байгаа болохоор тэр асуудал нь хэцүү байна гэсэн.

Гэтэл дэд сайд “Монгол улсаас анх удаа гурван тив дамжаад явж байгаа аяллыг яам боломжоороо дэмжинэ. Тэнд үүссэн сургуулийн асуудлыг зохицуулаад өгье. Та нар хичээлээсээ хоцрохгүй байх болон шалгалтаа өгнө л гэвэл анги дэвших асуудлыг дүрэм журамд нь зохицуулна гэсэн. 

-Өөрийн чинь хувьд гадаад аялагчидтай ойр дотно байдаг хүн. Гадаад ачлагч, Монгол аялагч хоёрын хамгийн том ялгаа юу байна вэ?

-Франц, Англи, Бельги, Герман аялагчидтай хамгийн их таардаг. Тэд нарын нэг давуу тал нь визний асуудал бараг байхгүй. Герман, Франц улс гэхэд дэлхийн бараг 160-аад улс руу визгүй. Тэгээд л цуг явж байгаад хил гарахад биднийг визтэй юм уу гээд гайхаад л дараагийн улс руу ороход ийшээ бас л визтэй юм уу гэдэг байсан. Монгол улсын улаан паспорт 30 орчим улс руу л гарах эрхтэй шүү дээ. Тэгэхээр визэн дээр нэлээд цаг бас мөнгө алддаг байсан. Өөр нэг гадаад болон монгол аялагчдын хамгийн том ялгаа нь мэдээллийн эх сурвалж байдаг. Гадаад аялагч нар өөрийнхөө хэл дээр мэдээллээ хангалттай авч чаддаг бол бидний хувьд эх хэл дээрээ тийм боломжгүй байсан. Ихэнх орон руу анх удаа л орж байсан. Иймд дараа дараагийнхаа гэр бүлүүдэд туслах зорилгоор бичвэр, бичлэг их хийж байсан. Маш их дүрс авч ирсэн. Эдгээр дүрснүүдээ нэгтгээд влог юм уу, кино болгоод гаргана. Түүний дараагаар авто аялагч нарын цагаан толгой болох байх гэж найдаж байна.