Олон нийтийн сүлжээнд Тэргэнцэртэй иргэний зогсоолын маргааны талаарх бичлэг нийтлэгдсэн. Улмаар эл үйл явдлыг иргэд олон талын шүүмжлэлтэй хүлээж авсан юм. Харин тус бичлэгийг нийтэлсэн иргэн өөрийн цахим хуудсаар дамжуулан Монголд хэрэгжих ёстой Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандартын асуудлыг хөндсөн буй билээ. Иймд бид уг асуудлын талаар иргэн Г.Баттулгатай ярилцсан юм.
ВИДЕО:
Тэрбээр бичлэгт харагдаж байгаа хэсэг бол зүгээр л нэг хоёр иргэний маргааны асуудал. Энэ үйл явдалд миний буруу ч их байгаа. Би энд хэрүүл ярихгүй, маргаан ярихгүй. Хамгийн гол нь өөрийн амар амгалан байдлаа алдагдуулан байж тус бичлэгийг нийтлэх болсон нь Хөгжлийн бэршээлтэй иргэнд хамаарах хууль, стандарт Монголд хэрэгжиж байгаа эсэх асуудлыг хөндөж, бусдад бага ч болов ойлгуулахыг хүссэн. Хүмүүс “Хөгжлийн бэрхшээлтэйгээрээ түрүү барилаа. Та нар давуу эрх эдэлж байна” гэж хэлэх, ойлгох нь их байдаг. Гэвч бид чинь жирийн иргэнтэй адил үйлдэл хийж чадахгүй учир ядаж наад захын стандарт, хууль бидэнд зайлшгүй хэрэгтэй. Тухайлбал, тэргэнцэртэй хүн тусгай зогсоол дээрээ л зогсохгүй бол жирийн иргэдийн зогсоол дээр машинаа тавиад бууж чадахгүй, нэгдүгээр эгнээгээр л зорчихгүй бол биеийн маш олон хүнд, ноцтой оноштой удаан нэг газраа сууж чадахгүй, болохгүй хүмүүс байдаг юм шүү дээ. Нийтийн тээвэр хүртээмжгүй учир бид машин барихаас өөр сонголтгүй. Хөгжлийн бэрхшээлтэй гээд халамж авч гэртээ суулгүй бусадтай л адил ажил хөдөлмөр эрхэлж яваа иргэд бидэнд ердөө л цаасан дээр хараар бичсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хууль, стандартын хэрэгжилт л хэрэгтэй. Биднийг хамгаалах хууль байгаа ч ерөнхий байна. Хөрсөн дээрээ буухгүй байна. Би өөр юм хүсэхгүй. Тэгш эрх л хүсэж байна” гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
-Болсон явдлын талаар ярилцлагаа эхэлье. Дээрх бичлэгт гарч буй үйл явдлын талаар яривал?
-Товчхондоо хоёр иргэний маргаан, зогсоол өмчиллөө гэх асуудал гарсан. Бичлэгт гарч буй иргэн дараан нь надаас ирж уучлал гуйсан. Үйл явдал дээр бол асуудал байхгүй. Миний хувьд Хөгжлийн бэршээлтэй иргэний хуулийн хүрээнд надад олгогдсон эрхийн хүрээнд өөрийгөө хамгаалж маргааш үүссэн. Эл явдал дээр хэн хэн нь буруутай. Гэхдээ надад тайлбарлах хэдэн зүйл байна. Миний ярьж байгаа зүйл бол стандарт. Энэ стандартын нэршил нь “Явган хүний зам, талбайн төлөвлөлт, техникийн шаардлага MNS 6808: 2019 гэдэг стандарт” болсон явдалтай холбоотойгоор би энэ стандартын автомашины зогсоолын хэсгийг нь тодотгож ярья.
- 5.10.4-р хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан автомашины зогсоол гэх хэсэг бий. Үүнд: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан автомашины зогсоолыг авто зогсоол бүрд заавал төлөвлөх гэж байгаа.
Бичлэгт харагдаж байгаа маргааш яагаад үүссэн бэ гэвэл намайг “нийтийн эзэмшлийн талбайн” авто зогсоолын өмчиллөө” гэсэн. Харин стандартын дагуу бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зогсоолыг автомашины зогсоол бүрд заавал төлөвлөх. Энд ямар зогсоол байна гэдгийг заагаагүй. Дээрээс нь уг стандартын
- 5.10.4.2-т Нийтийн тээврийн хэрэгслийн нэгтгэлийн зогсоол, автобус баз гэж байгаа. Хууль сахиулах байгууллагын гадна зогсоол, ачаа хүргэлтийн байгууллагын гадна зогсоол, том оврын ачааны машины зогсоолуудад тэргэнцэртэй хүнд зориулсан талбайг төлөвлөхгүй байж болно гэж заасан. Энд хаана төлөвлөж хэрэггүй вэ гэдгийг заасан. Үүнд: “Нийтийн эзэмшлийн талбай” гэж байхгүй. Тэгэхээр яг энэ стандартын дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд буюу орон сууц дундах зогсоолуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүн зориулсан зогсоол 25 тутамд нэг байх ёстой. Миний яриад байгаа зүйл бол ерөөсөө л энэ стандарт. Үүнийг л дагаж мөрдөөч гэдгийг хэлмээр байна.
-“Таныг зогсоол өмчиллөө” гэж маргасан гэсэн шүү дээ. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүний зогсоолыг яагаад үлдээх талаарх ойлголт иргэдэд байна уу. Тухайн зогсоолыг өөрийн юм шиг эзэмших буюу босоо шон зоож болох хуулийн ямар зохицуулалттай вэ?
-Миний дээр дурдсан стандартад тэмдэг тэмдэглэгээ гэдэг заалт байгаа. Тухайлбал, 5.10.2-р хэсэгт Тэргэнцэртэй хүнд зориулсан зогсоол бүр заавал босоо тэмдэг болон хэвтээ тэмдэглэлтэй байна гэж заасан байгаа. “Эсвэл” биш “болон” гэж бичсэн байгааг сайн анхаараарай. Тэгэхээр босоо болон хэвтээ тэмдэглэгээ хоёулаа байж болно гэсэн үг. Миний амьдардаг хотхон яг энэ стандартын дагуу хэвтээ тэмдэглэгээнүүдийг хийсэн. Гэвч хэвтээ тэмдэглэгээг хүмүүс ерөөсөө анзаардаггүй. Хөгжлийн бэрхшээлгүй хүмүүс автомашины байршуулчихдаг. Тиймээс би хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд өөрөө мөнгөө гаргаад тэнд би шон зоосон. Гинжний тухайд албаар гинжилсэн. Учир нь гадуур явж ажлаа амжуулаад ирэхээр машинаа тавьчихсан байдаг. Залгаад хэлэхээр өөдөөс доромжилдог. Ихэнх нь гарч ирэхгүй. Гарч ирж байгаа нэг нь маш ууртай гарч ирдэг. Ядаргаатай муу... гэж хараах жишээний.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хамаарах стандарт болон хууль өнөөдөр Монголд хэрэгжиж байна уу. Хөрсөн дээр хэрхэн буудаг вэ. Үүнийг жирийн иргэд мөн яаж хүлээн авч, ямар хандлага гаргах нь элбэг байдаг талаар ярьж болох уу?
-Болно оо. Хөгжлийн бэршээлтэй иргэний тухай хуулийг боловсруулалцаж явсан хүн нь би өөрөө. Гэхдээ стандарт ч бай, хууль ч бай аль аль нь хөрсөн дээр бууддаггүй. Миний яриад байгаа зүйл бол надад давуу эрх олгооч “би заавал түрүүлж орно, энэ зогсоол минийх л байх ёстой гэдэг шаардлага тавиагүй шүү дээ. Би тэгш эрхийн талаар ярьж байна. Гэтэл хүмүүс үүнийг ойлгохгүй давуу эрх үүсгээд байна” гээд байдаг. Шалтгааныг нь хэлье. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусгай зогсоол байх хэрэгтэй байдаг вэ гэвэл тэргэнцэртэй хүн машинаар бууж, суухдаа хаалга аа заавал бүтэн нээх шаардлагатай. Би хэзээ ч хоёр машины дунд машинаа тавиад бууж, сууж чадахгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн яагаад төрийн үйлчилгээний газар түрүүлээд орно гэж заагаад байна вэ гэхээр тэр хүмүүс чинь жирийн хүмүүстэй харьцуулахад удаан сууж чадахгүй, тэр ачааллыг бие физиологи нь дийлэхгүй. Тиймээс л урдуур нь оруулаад байгаа болохоос давуу эрх олгоод байгаа зүйл байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн машин мөн тусгай тэмдэглээтэй байдаг. Тэр тэмдэгтийг заавал цагдаагийн байгууллагад бүртгэл хийлгэж байж авдаг. Жил болгон сунгалт хийлгэдэг. Улмаар тэмдэгтэй машинтай нэгдүгээр эгнээгээр зорчиж болдог. Гэвч нэгдүгээр эгнээгээр зорчихыг хүмүүс давуу эрх гэж бодоод байдаг. Үгүй шүү дээ. Яагаад нэгдүгээр эгнээгээр зорчоод байгаа юм гэвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд бид машиндаа удаан сууж чадахгүй. Миний хувьд гэхэд ойр ойрхон нойл орох шаардлагатай учир нэгдүгээр эгнээгээр л гялалзуулахгүй бол болдоггүй. Надаас хүнд оноштой, цооролттой хүмүүс ч бий. Тэд өнөөдөр бусдаас гуйж, хэнээс ч халамж хүсэж гэртээ суулгүй нийгмийн амьдралд бусдын адил ижил тэгш оролцъё гэсэн үүднээс бусдын адил ажил төрлөө хийгээд явж байгаа. Удаан сууж чадахгүй учир нэгдүгээр эгнээгээр зорчиж, бууж чадахгүй учир тусгай зогсоолд зогсдог юм аа. Энэ бол давуу эрх биш юм шүү дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарах стандарт мөрдөгдөхгүй байгаа шалтгааны та юу гэж харж байна.
-НИТХ-ын тогтоол байгаа. 4.27.11.1-р заалт гэж бий. Тэр заалтад зөвхөн төлбөртэй зогсоолд зориулсан торгуулийн системийг хуульчлаад өгчихсөн байдаг. Харин зүгээр бичсэн, гаргасан стандартын хувьд хэцүү зүйл нь хүн мөрдөхгүй байж болно. Стандарт дагахгүй байлаа гээд торгуулийн систем нь байхгүй учир энэ маш хэцүү зүйл болчхож байгаа юм. Стандарт ч бай. Хууль ч бай. Аль нь ч мөрдөгддөггүй. Сая УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хоёр төлөөлөл орсон. Тэр хоёр хүнийг яаралтай стандарт, НИТХ-аас баталж байгаа захирамж, хууль тогтоомж, дүрэм журам хуулийн шинэчлэл дээр яаралтай ажиллахгүй бол энэ мэт орон сууцны дундах зогсоолын маргаан болон бусад асуудал хэзээ ч дуусахгүй.