Одоогоос долоон жилийн өмнө "Их бүрд" үйлчилгээний төвд ажиллаж байсан 22 настай А.Сондор нь замын эсрэг талын ТҮЦ-ээс худалдан авалт хийгээд буцаж явах замдаа тус барилгын хашааны завсраар гарч явахдаа тогонд цохиулж, газар дээрээ амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач охины ээж хуулийн байгууллагаар хэдэнтэй явсан ч охиных нь амиа алдсан хэрэг шийдэгдэж, эл хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.
Тэр ч байтугай буруутай этгээдүүд нь хохирогчоос уучлалт гуйж, хүн ёсоор уулзаагүй аж. "Бурхан болоочийнхоо нэрийг хэлж, ясыг нь өндөлзүүлдэггүй монгол ёс байдаг атал бид бүтэн 7 жилийн турш охиныхоо нэрийг дуудаж, хэргийг нь эцэслэхийн төлөө хөлөө хүрэх газар явсан ч үр дүнд хүрэхгүй, шар махтайгаа хатаж байна" хэмээн нулимсаа барьж дийлэхгүй ярих талийгаач А.Сондорын ээж П.Цэцэгмаа манай сайтад хандсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
ВИДЕО:
-Юун түрүүнд танай гэр бүлд тохиолдсон эмгэнэлтэй үйл явдалд гүн эмгэнэл илэрхийлье. Охиныг нь хэн гэдэг байв, тухайн үед яг ямар осол болсон бэ гэдэг талаар хоёулаа яриагаа эхэлье?
-Манай охиныг Амартүвшингийн Сондор гэдэг байсан. Осолд орох үедээ 22-хон настай байсан. Миний охин ОХУ-ын Неж хотын Төмөр замын сургуулийг онц төгсөж ирээд Төмөр замд проводникоор хэсэг хугацаанд ажиллаж байсан. Тухайн үед мэргэжлээ дээшлүүлж, шат ахих зорилгоор түр зуур завсарлачихсан байсан юм. Тэр үедээ эгчийнхээ ажил дээр очиж, хүмүүсийн толгойг барьж өгч хэсэг зуур ажиллах хэрэгтэй болсон. Өвөөгөө дуурайгаад барьдаг, илдэг гартаа юмтай хүүхэд байсан юм л даа.
Тэдний ажлынхан ажлынхаа хашаан завсраар гараад замын хажуу талын ТҮЦ-ээс чихэр, ундаа зэрэг идэж уух зүйлс авдаг байсан юм билээ. Охин минь тэгж яваад буцаж ирэхдээ тогонд цохиулаад газар дээрээ өөд болчихсон. Тухайн өдрийн өмнөх өдөр нь бороо орсон байсан учраас газар нь чийгтэй байж таарсан юм билээ.
-Осол болсон тухай мэдээллийг та хэзээ авсан бэ. Яг газар дээрх нөхцөл байдал нь ямар байсан бол?
-Надад бол яг тэр дор нь биш хоёр, гурван цагийн дараа мэдэгдсэн шиг байгаа юм. Намайг очиход цагдаа нар, түргэний машин ирсэн байсан. Намайг өөд болсон охины минь хажууд аваачихгүй байсан. /уйлав/ "Та тийшээ очиж болохгүй", "Та харж болохгүй" гээд ерөөсөө намайг дөхүүлээгүй. Энэ тухай ярих үнэхээр хүнд байдаг. Ер нь монголчууд өөд болсон хүнийхээ ясыг өндөлзүүлэхгүй гээд нэрийг нь дурдахаас хүртэл жийрхдэг. Гэтэл бүтэн долоон жилийн хугацаанд асуудал нь шийдэгдэхгүй байнга яригдаад байна гэдэг үнэхээр хэцүү. /Тэр огт тайвширч чадахгүй байв/
-380 КВТ-ЫН ТОГ ТАТАХДАА СТАНДАРТЫН ДАГУУ, НОРМ ЖУРМААР НЬ ХАМГААЛАЛТ, ХУЧИЛТ ХИЙГЭЭГҮЙГЭЭС ОХИН МИНЬ ТОГОНД ЦОХИУЛЖ АМИА АЛДСАН-
-Охиных нь таалал төгссөн, амь насаа алдсан асуудал яагаад өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм бол. Ямар хүмүүсийг холбогдуулан энэ хэрэгт яллагдагчаар татсан гээд хэргийн талаар та тодруулж яриач?
-Энэ хэрэг 2017 онд гарснаасаа хойш бүтэн таван жил болоод ерөөсөө шийдэгдэж өгөхгүй байсан. Тэгээд би бүр Улсын прокурорын газар очоод ямар ч прокурортой уулзаж чадахгүй байсан учраас сүүлдээ байцаагч дээрээ орж уйлаад "Би эцсийн аргаа хүртэл хэрэглэх хэрэгтэй болж байна. Та нар энэ хэргийн цаана гарч чадахгүй юм бол би хүүхдүүддээ гэрээслэл бичээд Төв талбай дээр очиж шатаж үхнэ" гэж уйлж, орилж байж энэ хэрэг арай гэж хөөн хэлэлцэх хугацаа нь дуусдагийн даваан дээр шүүх рүү шилжсэн. Тухайн үед ганцхан “Их бүрд” компанийг, яг албан ёсны бүртгэл дээрээ “Star inter trade” гэсэн компанийг яллагдагчаар татаж байсан. Бүтэн таван жил болж байхад аль ч байгууллагаас нь надтай ирж уулзсангүй, уучлалт гуйсан ч хүн байхгүй. Гэтэл яллагдагчаар татлаа гэдэг мэдээ сонсонгуутаа тэр “Их бүрд”-ийн Б.Батаа л ганцхан надтай ирж уулзсан. "Одоо хохирлоо ярья", "Асуудал юу болж байна" гээд л уулзаж эхэлсэн. Нээх нарийн ширийн юм ярихгүй л байсан.
-Тэр яллагдагчаар татагдсан Б.Батаа гэдэг хүн танд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлсэн зүйл байдаг юм болов уу?
-Байхгүй ээ. Тэр шүүх хурал дээр байнга уулздаг, байнга сэтгэлийн дэмээр дэмждэг гэж ярьж байна лээ. Би тэр үгийг нь сонсоод үнэхээр юу ч дуугарч чадаагүй. Таван жилийн дараа яллагдагчаар татагдахдаа л ганцхан удаа уулзсан шүү дээ. Тэр хүн "Хохирлоо ярья", "Би ганцаараа яллагдагчаар татагдмааргүй байна", “Содмонгол”-ыг ч гэсэн татмаар байна", "Та нар хэлж ярьж, дуугарч өгөөч гэж ярьж байсан.
-“Содмонгол”-ыг яллагдагчаар татаач гэдэг нь ямар учиртай юм бэ. Үүнийг та жаахан дэлгэрүүлж өгөөч?
-Хамгийн гол нь тэр компанийн хашаан дотор “Содмонгол”-ын цахилгааны шийд нь байсан. Тэр цахилгааны шийднээс “Содмонгол”-ын бензин колонк руу газраар 380 киловаттын тог татахдаа яг стандартын дагуу, норм журмаар нь хамгаалалт, хучилтаа хийгээгүй байсан юм билээ л дээ. Тэгээд дээрээс нь төмөр хашаа татаж таараад хүн амьтан орж гарахад ямар нэг байдлаар хөдөлж масс үүсэж, эцэст нь хүний аминд хүрсэн. Тиймээс "Содмонгол"-ыг буруутай гэж үзээд байгаа юм.
-Тухайн үед тэнд цахилгааны масс үүсээд байна гэсэн мэдээллийг холбогдох албаны хүмүүс авсан байсан уу?
-Авсан, энэ талаар мэдэж байсан. Яагаад гэхээр тэнд байсан ажилчид бүгд энэ талаар удирдлагууддаа хэлж байсан гэдэг. Хашаанаас барихаар жирс гээд тог цохиод байна аа гэж хэлсэн. н.Хандаа гээд зохион байгуулагчдаа бүх ажилчид нь хэлж байсан юм билээ. Манай охиноос гадна тогооч н.Отгонсүрэн нь хүртэл "Их айхтар тогонд цохиуллаа" гээд хэлж байсан гэсэн.
-Стандартын шаардлага хангаагүй, стандартаа мөрдөж ажиллаагүй, тогны утас татсанаас болж таны охин амь насаа алдсан гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Угаасаа стандартынх байсан бол хүний аминд хүрэхгүй шүү дээ. Стандартын бус байсан болоод л төмөр хашаагаар тог дамжаад хүний аминд хүрчхэж байгаа нь тэр.
-Тэр тогийг одоо янзалсан юм болов уу?
-Манай охиныг өөд болсны маргаашаас нь эхлээд янзалсан юм билээ. Өмнө нь тэгж олон удаа хэлж, ярьж, сануулж байхад янзлаагүй байж хүний амь эрсэдсэн хойно л янзалж байгаа юм. Ёстой ниргэсэн хойно нь хашхирав гэгч л болсон доо.
-Энэ хэрэг яагаад ингэж хуулийн байгууллага дээр удаа дараа буцаад өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна гэж та үзэж байна вэ?
-Миний ажигласнаар дандаа тэр Б.Батаагийн гомдлыг л үндэслээд байсан. Тэр хүн "Хоёрын хоёр цэг дээр та нар буруу хэмжилт хийсэн", "Тэр цэг чинь биш", "Би ганцаараа яллагдагчаар татагдахгүй, бусдыг нь татаач" гэсэн гомдол гаргасан. Яах вэ, хуулийнхан бол мэдээд л буцаагаад байсан байх. Гэхдээ би бол мөнгөтэй талд нь үйлчлээд байна уу гэж л харж байна. Угаасаа л хуулийн байгууллагад тийм нөхцөл байдал үүсээд тогтчихсон юм байна шүү дээ.
-ОХИНЫ МИНЬ АМИА АЛДСАН ХЭРЭГТ "СОДМОНГОЛ", "УБЦТС" ЗЭРЭГ ГАЗРЫГ 7 ЖИЛИЙН ДАРАА ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААР БОЛСОН-
-Энэ хэрэг одоо ямар шатанд явж байгаа вэ. Мөн “Содмонгол” ч юм уу УБЦТС зэрэг компаниудыг яллагдагчаар татсан зүйл байгаа болов уу?
-Одоо л яллагдагчаар татах ажиллагаа явагдаж байгаа юм билээ. Ганцхан “Стар интертрэйд” биш “Содмонгол”, "Улаанбатаар цахилгаан түгээх сүлжээ" компани, тухайн үед хүлээж авч байсан Улсын Онцгой комиссыг хэрэгт татаж байгаа гэж надад хэлсэн.
-Стандартын бус цахилгаан татсан “Содмонгол” группын зүгээс тантай уулзаж, эмгэнэл илэрхийлэх гэдэг юм уу, уучлалт гуйсан зүйл байдаг юм болов уу?
-Байхгүй ээ. Тухайн үедээ надтай уулзаад "за, эгч минь уучлаарай. Ийм юм болчихно гэж хэн ч бодоогүй ээ, уучлаарай" гээд надтай ирээд уулзсан бол асуудал энэ хүртэл яваа ч уу, үгүй ч үү. Ер нь яагаад хүний амь үнэгүй байх ёстой юм. Хүн ямарваа нэгэн ажил хийж байхдаа хуруугаа тасдуулахад хуруу нь үнэтэй байдаг юм билээ. Хүн нүдээ гэмтээчхээд байхад хүний нүдийг бас үнэлдэг юм билээ. Тэгвэл яагаад эрдэнэт хүний амь нас үнэ цэнгүй, шороонд булуулаад чимээгүй орхигдох ёстой юм. Үнэхээр гомдолтой байна.
-Энэ хэрэг удаашраад шийдэгдэхгүй байна гэдэг шалтгаанаар та шат шатны дээд байгууллагад нь хандаж үзсэн үү?
-Би Улсын прокурорт, Цагдаагийн байгууллагад хандаж үзсэн. Харин Улсын мөрдөн байцаахаас н.Буянтогтох гээд байцаагчийг хяналтаар давхар томилж өгсөн. Тэр хүнийг би тодорхой хэмжээнд ажиллаж өгсөн гэж үздэг. Тэгсэн хэрнээ л ингээд удаашраад яваад байна. Үүн дээр би Б.Батаагийн анхны өмгөөлөгч н.Цэгмид гэдэг хүнийг 100 хувь нөлөөлж чадсан гэж харддаг. Тэр хүн ЦЕГ-ын Хяналт, мэдээллийн албанд насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан юм билээ. Тэр хүн Б.Батаагийн өмгөөлөгч байсан. Энэ хүнийг яг ажиллагаанд нөлөөлсөн гэж үнэхээр харддаг. Тийм ч учраас энэ хэрэг өнөөдрийг хүртэл ингэж удааширч байгаа байх.
-Уг хэрэг бүтэн долоон жилийн хугацаанд үргэлжлэх болсон шалтгаанаа хуулийн байгууллагынхан юу гэж тайлбарладаг вэ?
-Ажиллагаа дутуу байна гээд байдаг. Б.Батын гомдлыг голчлоод байгаа юм шиг надад санагддаг. Ер нь тийм байгаа. Ажиллагаа дутуу байна л гэдэг юм. Би бүтэн 7 жил энэ үгийг сонсож байна.
-Таны бодлоор хэнээс болж охиных нь амь нас эрсдэлээ гэж үзэж, харддаг вэ?
-Хамгийн эхэнд "Тог цохиод байна шүү, арга хэмжээ аваач ээ" гэж байхад арга хэмжээ авч байгаагүй "Их бүрд"-ийн эзэн Б.Батааг буруутай гэж боддог. Яагаад энд 380 квт-ын тог явж байгаа гээд яагаад анхааралдаа авч болоогүй юм бэ. Хоёрдугаарт, "Содмонгол" компани буруутай. Гуравдугаарт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнийхэн болон тухайн үеийн улсын комисст ажиллаж байсан хүмүүс буруутай гэж би харддаг.
-Одоо энэ хэрэг ямар шатан дээрээ явж байгаа талаар танд мэдээлэл өгсөн үү?
-Сая 2023 оны аравдугаар сарын 19-нд хамгийн сүүлийн шүүх хурал болж хэргийг прокурор руу буцаасан. Уг хурал дээр бас л ажиллагаа дутуу гэх шалтгаанаар дахин прокурорт буцаасан. Өчигдрийн байдлаар шинэ байцаагч хэрэг хүлээж авсан гэдгийг өмгөөлөгч хэлэхээр нь би очиж уулзсан. н.Ариунсанаа гээд залуухан байцаагч авсан байна лээ. "Шүүхээс прокуророор дамжин захирамжтайгаа манайд буцаж ирсэн, захирамж дээрх даалгаврыг гүйцэтгээд таныг хавтаст хэрэгтэй танилцуулна" гэсэн. Мөрдөх тасгийн дарга н.Баттөмөр гэж шинэ хүн ирсэн байна лээ. Ямар ч байсан энэ долоо хоногт таны асуудлыг шийдээд прокурор руу өгөх бодолтой байна гэсэн хариултыг надад өгсөн.
Гэхдээ бүтэн долоон жилийн туршид "Ажиллагаа хийгдэж байгаа", "Асуудлыг чинь шийднэ", "Тэд хоноод шилжүүлнэ, явуулна" гэдэг үгийг сонсож явна. Цөхрөнгөө үнэхээр барж байна. Тиймээс би та бүгдийн туслалцааг авахгүй бол яаж ч чадахгүй нь. Өөр уулзаж ярих ямар хүмүүс байна миний хүрч чадахгүй байгаа тэр юманд л хүрээд өгөөч гэж гуйж байна.
-ТОГ ОХИНЫ МИНЬ БАРУУН ГАРААР ОРООД ЗҮРХИЙГ НЬ ДАЙРААД ЗҮҮН ГУЯАР НЬ ЗАДАРЧ ГАРСАН ГЭСЭН ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ГАРСАН-
-Тухайн үед талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарч байсан бэ?
-Шүүх эмнэлгийн дүгнэлт бол 100 хувь 380 квт тогонд цохиулж шатаж үхсэн гэсэн байдаг. Би үүнийг маш үнэн зөв шударга гарсан гэж үздэг. Үнэхээр ч яг тийм зүйл болсон.
-Талийгаач нь анхны тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан уу?
-Анхны тусламж авах ямар ч боломжгүй байсан юм байна лээ. Тог баруун гараар ороод зүрхийг нь дайраад зүүн гуяар задарч гарсан. Тэгэхээр амь нас нь аврагдах боломжгүй байсан гэж хэлсэн. Осол болсон газрыг асуудал шийдэгдэж дуустал хөдөлгөөн орох ёсгүй гэсэн журам байдаг юм байна лээ. Тэгэхэд төмөр хашааг нь буулгаад яг осол болсон газар дээр байшин барилга бариад өөрчилсөн. Энэ дээр цагдаагийнхан сануулга, шаардлагыг нь өгөөд тухайн газрыг хэвээр нь үлдээгээгүйг гайхдаг. Холбогдох бүх байгууллагад гомдолтой байна. Яагаад нийгмийн хариуцлагаа үүрээд надтай хүний ёсоор уулзаж, уучлалт гуйж болоогүй юм бэ. Энэ дээр их эмзэглэж явдаг юм. Ерөөсөө л их хүн муутай улсууд байдаг юм байна. Хүний амь эрсдээд яллагдагчаар татчихсан болоод та хохирсон, таны асуудлыг шийдвэрлэе гэж ярьж байгаа шүү дээ, Тэгэхэд л асуудлаас зугтаагаад байдаг. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Энэ асуудлын ард яаж ийгээд гарна гэж өдий долоон жил шар махтайгаа хатаж явна.
-Мэдээж таны хувьд охиноо бодоогүй, хэргийг шийдэгдээсэй гэж бодсон өдрүүд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа байх?
-Тийм ээ. Үргэлжлэхээр барах уу өдөр бүр байцаагчтай, өөр хүмүүстэй ч ярина, байнга ясыг нь өндөлзүүлээд байх маш хэцүү байдаг.
-"Содмонгол"-ын станцаас авсан тог төмөр хашаагаар дамжсан гэсэн үг үү?
-Тийм ээ. "Их бүрд" анхны заасан стандарт кадастрын зурагнаасаа илүү хууль бусаар хашаа татаад, газраар явсан 380квт-ын шугамын хучилт нь стандарт ном журмынхаа дагуу хучигдаагүй. Тэгэхээр аль аль талдаа л хууль зөрчсөн байдлаас болж хүний амь эрсдээд хэрэг нь долоон жил үргэлжилж байна.