А.Цэрэнбат: 200 гаруй иргэн нэгдэж ЗТЯ-ыг энэ долоо хоногт шүүхэд өгч байна

А.Цэрэнбат: 200 гаруй иргэн нэгдэж ЗТЯ-ыг энэ долоо хоногт шүүхэд өгч байна

Дарханы замд амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хамтарч Зам тээврийн яамыг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Тэднийг төлөөлөн иргэн А.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

-ЗАМЫГ НЭЭСНЭЭС ХОЙШ 10 ОРЧИМ ИРГЭН АМИА АЛДСАН -

Тэрбээр “Дарханы 204 км замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам, тээврийн яам барьж байна. Уг замыг өнгөрсөн зургаан сард хуулж хаагаад арваннэгдүгээр сард нээсэн. Замыг БНХАУ-ын таван компани засварлаж байна. Арваннэгдүгээр сард нээснээс хойш 10 орчим иргэн амь насаа алдсан байна. Мөн олон иргэн эрүүл, мэнд, амь насаараа хохирсон. Энэ хохирлыг тус замыг хариуцсан засварлаж буй Зам тээврийн яам хариуцах ёстой” гэлээ.

Иргэн А.Цэрэнбат Дарханы замд хохирогчдыг өөртэй нь холбогдохыг уриалснаас хойшхи долоо хоногийн хугацаанд 200 гаруй иргэн холбогдож, үйл ажиллагааг нь дэмжсэн байна.  

Тус 200 гаруй иргэн нь Дарханы замд хохирсноо учирлажээ. Нэн ялангуяа тус замын ажлын хучилтыг хийлгүй хайргаар хучиж орхисноос болж олон иргэний машины цонх чулуунд цохигдож хагарчээ. Жийп машины цонх л гэхэд 2-3 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.

Дугуйгаараа хохирсон иргэдийн хувьд тоогоо алдсан гэдгийг А.Цэрэнбат энэ үеэр хэлж байлаа. Мөн тэрээр “Нэг сарын хугацаанд 10-20 дугуй илээдэг гэх Зорчигч тээврийн компани байна. Эрүүл мэндээрээ хохирч хоёр хөлөө алдсан иргэн байна. Тиймээс бид уг замын ажлын менежментийг явуулж буй Зам тээврийн яамыг шүүхэд өгч байгаа. Бидэнтэй гурван хуульч хамтарч ажиллаж байна. Анхны захиргааны хэргийн нэхэмжлэлийг энэ долоо хоногт өгнө” гэсэн юм.

-АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭС ГАДНА 500-40 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ ИГГЭД АМССАН БАЙНА-

Энэ замыг хаахдаа хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүйгээр Б.Энх-Амгалан сайд тушаал гаргасан. Зам хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байдлаас үүдээс иргэд хохироод байна. Иргэд 500-40 сая төгрөг хүртэлх эд хөрөнгийн хохирол амссан байна.  

Амь нас эрүүл мэндийг бид тооцож чадахгүй. Энэ хүмүүсийн нөхөн төлбөрийг Зам, тээврийн яам, Засгийн газраас шаардаж шүүхэд хандсан. Үүний дараа төр иргэдээсээ уучлал гуйх ёстой. Дарханы зам муугаас биш муу замаар явуулж буй төр буруутай. Эцэст нь ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАСАН албан тушаалтан ямар нэгэн хэлбэрээр хариуцлага хүлээх ёстой гэж А.Цэрэнбат хэлсэн юм.

-УГ ЗАМЫГ БАРЬЖ БУЙ ТЕХНОЛОГИ НЬ БУРУУ. ЗАМЫГ ХУУЛЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ УГААСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭЖ ИНЖЕНЕРҮҮД ХЭЛСЭН-

Иргэн А.Цэрэнбат өнгөрсөн долоо хоногт тус замыг барьж буй замын компаниудын инженерүүдтэй ярилцжээ. Тэд ил гарахыг хүсээгүй бөгөөд маш их мэдээллийг ЗТЯ-аас нууцалж байгааг хэлжээ.

Тэд Дарханы замыг барьж буй технологи нь буруу. Тухайлбал, хуучин замыг хуулахгүйгээр шинэ зам хучиж болох байсан. Гэтэл хуучин замыг хуулж төр их хэмжээний мөнгө угаасан байх магадлалтай гэж хардаж буйгаа инженерүүд А.Цэрэнбатад уламжилсан байна.

Замын инженерүүд мөн “Энэ зам 3-4 жилийн дараа дахин асуудал гаргана.  Түр замыг хуулахад нь бид дуугүй байсандаа харамсаж байна” гэжээ. Тус замд хохирсон иргэдэд иргэний үүргээ биелүүлэн анхан шатны тусламж үзүүлж байхыг тэрбээр уриалав. Мөн хохирсон иргэдийг тухайн үеийнхээ зураг болон сэлбэг, хэрэгсэл худалдан авсан санхүүгийн анхан шатны баримтуудаа авч баримтжуулахыг санууллаа.