Гималайн нурууны 8163 метрийн өндөр Манаслу оргилд анхны Монгол эмэгтэй амжилттай оргилдлоо. Түүний хувьд есдүгээр сарын 24-ний өглөөний 05:00 цагт оргилдож, монголынхоо далбааг мандуулав. Түүнийг Б.Батхишиг гэдэг. Тэрбээр хөхний хорт хавдраа ялан дийлж, эмчилгээгээ дуусгаснаас хоёрхон сарын дараа уг оргилд гарч буй нь энэ. Иймд бид түүнийг 4900 метрийн өндөрт отог дээрээ байрлаж байх үед нь холбогдож, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
ВИДЕО:
-Манаслу оргил дээр хэзээ оргилдсон бэ? Бас Монголоос уг оргилд гарсан анхны эмэгтэй гэж сонслоо?
-Манаслу оргил дээр есдүгээр сарын 24-ний өглөө 05:08 цагт оргилдсон. Монголоос энэ оргилд гарсан анхны эмэгтэй болсон. Яг 24-ний өглөө манай HK экспидицээс нийт 36 хүн оргилдсоноос эхний дөрөвт багтсан.
-Гималай нуруунд авирах шийдвэрээ хэзээ гаргаад, хэзээнээс бэлтгэлээ хангаж эхэлсэн бэ?
-Өмнө нь Гималай нурууны 8000 метр өндөр Лоцей оргилд гарсан байдаг. Монголоос дөрвөн эмэгтэй хүн энэ оргилд гарснаас анхны хөл тавьсан хүн нь би байсан. Түүнээс хойш ахиад нэг 8000 метр өндөр оргилд авиралт хийнэ гээд өөртөө нэлээд том зорилго өгөөд буцсан. Гэтэл тухайн үед хорт хавдартай гэдгээ өөрөө мэдээгүй авирчихсан байсан. Тэгээд өнгөрсөн аравдугаар сараас эхэлж, эмнэлгээр нэлээд яваад, арванхоёрдугаар сард хорт хавдраа авхуулсан.
Сая зургаан сард хорт хавдрынхаа эмчилгээг албан ёсоор дуусгаж, долдугаар сард хяналтандаа ороход намайг бүрэн эдгэрсэн гэж хэлсэн.
-Нэлээд хүнд өвчнийг даваад гараад ирсэн хүний хувьд эргээд ууландаа авирах мэдрэмж ямар байв?
-Энд ирээд эхний өндөр авалтаа хийдэг. 3000 метр өндөр лүү авирдаг гэсэн үг. Тэр үед "би одоо хаана ирчихэв. Би яагаад ийм тэнэг зүйл хийдэг байна аа. Өвчнөө ялан дийлэх гэж ирсэн боловч арай л хүнд зүйл рүү явчихлаа даа" гээд өөрийгөө их буруутгасан л даа. Эхний өндөр авалтаа авчхаад буугаад ирсний дараа би өөрөө бодсон. Би чинь өнөөдөр 100 хувь эрүүл болчихсон шүү дээ. Эдгэчихсэн байж ахиад яагаад өөрийгөө ингээд тамлаад байдаг юм. Би эдгэсэн учраас өмнө нь чадсан шиг ээ ахиад ч чадна гээд өөрөө өөртөө хэлж, нэлээд бясалгасан. Мэдээж энэ их замыг туулахад төсөөлөхийн аргагүй хүнд байдаг. Эхний өндөр авалтаа хийгээд бууж ирээд өөрийгөө нэлээд зоригжуулаад ахиад авирсан. Ахиад авирахад хямарсан ч гэсэн хорт хавдартай, хорт хавдрыг даван туулагч нартаа “хүн чаддаг юм” гэдгийг харуулах зорилгоор нэлээд зоригтой хоёр гурван өдөр нойргүй, хоолгүй явсны хүчинд оргилдчихоод баярлаад сууж байна.
-Хүнд өвчний дараа энэ оргил руу авирна гэх үед гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Том зүйл рүү зориглоод явахад нөхөр маань хэдий хориглосон боловч яг явахад дэмжсэн. Үр хүүхдүүд маань ч дэмжсэн. Ээж маань ч Монгол Улсынхаа нэрийг гаргаж, түүх бүтээж чадна гэж итгэж, маш их дэмжиж байсан даа.
-Хорт хавдраар өвчилж, түүнтэйгээ тэмцэж яваа хүмүүст нэлээд урам зориг болсон байх гэж бодож байна. Оргилдчихоод буугаад ирлээ. Одоогийн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?
-Уул руу гарахад нэлээд нарийхан замаар хадыг тойроод оочерлоод зогсох үед маш хүнд байсан.
Гэхдээ аливаа зүйл хүнд хэцүү ч гэсэн оргилдоод Монгол Улсынхаа далбааг мандуулаад аав ээж, ах дүү нартаа талархаад зогсож байхад их гоё санагдсан. Ялангуяа хавдар гэх өвчнийг даван туулж, хоёрхон сарын дараа энэ хүнд нөхцөлд эрүүл саруул хүмүүстээ уралдаад оргилд гарч байгаадаа маш их баярласан. Гэхдээ одоогоор баярын нулимс унагах завгүй л явна.
-Ууланд авирах мэдээж хүмүүсийн төсөөлж байгаа шиг амар зүйл биш байх. Уулчин хүнд тэр дундаа эмэгтэй хүн ууланд авирахад хэцүү зүйлүүд юу байв?
-Эмэгтэй хүний хувьд хүнд хэцүү зүйлүүд маш их. Сарын тэмдэг ирэх, гэр бүлээ санах, хүүхдүүдээ санах гээд л олон хэцүү зүйл бий. Ээж хүний хувьд ч хүнд л дээ. Голдуу л эрэгтэй хүн ууланд авирдаг. Эрэгтэй хүмүүс шерпа хийдэг. Эмэгтэй хүн их цөөхөн байдаг. Миний хувьд хоёр дахь 8000 метр өндөр оргилдоо гарахад хүнд хэвээрээ л байна. Мэдээж хүнд байлгүй яах вэ.
-Таныг авирч байх үед цаг агаарын нөхцөл байдал ямар байсан бэ?
-Бороо их орж, ууландаа их цастай байсан. Яг есдүгээр сарын 24-ний өглөө жаахан цонх гарах юм байна гээд тэр өглөө оргилд гарсан. Тэгээд буцаад жоохон доошоо явж байтал л тэнгэр бүрхээд цас ороод эхэлсэн дээ.
-Таны хувьд саяхан хорт хавдартайгаа тэмцэж байсан хүн. Тэр үед эдгэрээд буцаад ууландаа авирна гэж төсөөлж байв уу?
-Энэ олон жил би маш их дасгал сургуулилт хийсэн байдаг. Гэхдээ сонин нь хөдлөх тусам миний бие сайжирдаг. Хавдрын эмчилгээ, химийн эмчилгээ, туяа эмчилгээ гэх мэт маш олон хүнд эмчилгээнүүдийг хийлгэж байх явцдаа гарч алхаж, хордлогоо тайлдаг байлаа. Наашаа ирэхийн өмнө өөрийгөө сориод Монгол дахь гурван 3000 метр өндөртэй хайрхандаа бараалхсан. Гурван хайрхандаа гарчихаад өөрийгөө буцаад бараг эрүүл хүн шиг болчихож гэдгээ мэдэрсэн. Тэр мэдрэмж үнэхээр гоё байсан.
-Гималайн нуруунд авирсан хоёр монгол уулчинд өнгөрсөн хавар харамсалтай зүйл тохиолдсон. Таны хувьд Гималай нурууны Манаслу оргилд авирахаас өмнө айдас байв уу?
-Би хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг үгэнд их дуртай. Ямартай ч би ирсэн л юм чинь зоригтой байх ёстой гэж бодсон. Хэрвээ айж байсан бол хэзээ ч би энд ирэхгүй.
Наашаа ирэхэд энэ хүнд өвчний ард гараад энэ том оргил руу зориод хүмүүсээс хандив цуглуулж байхад тусалсан хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Непал Улсын 8000 метр өндөр оргилууд бүгд тусдаа төлбөртэй байдаг. Ууланд авирах төлбөрөөс гадна шерпаны мөнгө, хоолны мөнгө, хувцасны мөнгө гэхчилэн маш их мөнгө ордог. Мөн Непал Улсыг зорин ирэхэд багадаа 4 сая төгрөг төлдөг. Анх Лоцей оргилд гарахдаа би машинаа зараад гарч байлаа. Энэ жил спонсор олж хайрхан дээр гарах мөнгөө олсон. Мөн найз нөхдийн буянаар замынхаа зардлыг олж ирсэн дээ.
-Цаашдын зорилгоо бидэнд хуваалцаач?
-Миний зорилго одоо том болсон. Том ч зүйлийн ард гарлаа. Өөрийгөө эрүүл саруул гэдгийг мэдэрчихсэн учраас миний зорилго одоо том болсон.
-Ярилцсанд баярлалаа.