Урт цагааны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа

Урт цагааны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарлаа

“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд болон холбогдох албаны хүмүүст өргөн барьсан. Харин өнөөдөр /2020.02.21/ энэхүү санал дэмжигдэж “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох тухай Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарчээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан үйлчилгээний төвийн үндсэн түрээслэгч болох 30 гаруй аж ахуй нэгж анх гэрээ байгуулсан байдаг. Гэвч тэд цаашин дамлан түрээслэж гэрээнийхээ үүргийг зөрчсөн, мөн засвар үйлчилгээ хийдэггүй гэх мэт гэрээнд тусгасан заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймээс тэдэнд энэхүү шийдвэрийг эсэргүүцэх эрх байхгүй. Харин хоёрдахьч түрээслэгч болох 300-400 иргэний эрх ашгийг хохироохгүйгээр ярилцаж, асуудлыг шийднэ" гэлээ.

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийн хэрэгжүүлэлтэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, болон Өмчийн ашиглалт, удирдлагын газар гэх мэт байгууллагууд хяналт тавин ажиллах юм байна. Харин цаашид энэхүү төвийг нураах, эсвэл шинэчлэн засварлах асуудлыг НИТХ шийдэх юм.