Манай улс анх 1994 онд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуультай болсон. Үүнээс хойш 11 жилийн дараа буюу 2005 онд тус хуульд өөрчлөлт оруулж, тодорхой 31 заалтыг өөрчилсөн байдаг. Энэ өөрчлөлтийг хийгээд даруй 20 жил болсон ч дахин өөрчилж, шинэчилсэнгүй. Өөрөөр хэлбэл, жагсаал, цуглааны тоо эрс нэмэгдэж, хэлбэр нь өөрчлөгдөж буй ч түүнийг зохицуулдаг хууль аль 20 жилийн өмнөхдөө гацсан гэсэн үг юм.
Тэгвэл энэ удаагийн парламент нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан юм. Тус хуульд чухам ямар өөрчлөлтийг оруулахаар ажиллаж буй талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.
ВИДЕО:
-ЖАГСААЛ ХИЙХДЭЭ БҮРТГҮҮЛДЭГ БАЙСАН БОЛ ХУУЛЬ БАТЛАГДСАНААР МЭДЭГДЭХЭД Л ХАНГАЛТТАЙ-
-Д.Амарбаясгалан даргатай энэ удаагийн парламент Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулахад анхаарч буй нь сайшаалтай. Та ажлын хэсгийг нь ахалж ажиллана. Тэгвэл тус хуулийг хэрхэн, яаж өөрчлөх вэ. Гол концевци нь юу байх вэ?
- УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж УИХ дээр 54 ажлын хэсгийг байгуулсан. Багш сурагчдадаа даалгавар өгдөг шиг "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг чи ахал" гэж надад даалгаж, даалгавар өгсөн. Маш сонирхолтой бас чухал хууль учраас би "Ок. Ажиллая" гэсэн бодолтойгоор ажиллаж байна. Жагсаж, цуглах нь хүмүүсийн үндсэн эрхээ эдэлж буй хэлбэр юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тайвнаар жагсаж, цуглахыг заагаад өгсөн. Ингэхдээ хүний үг, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах нь хүний жам ёсны эрх гээд тодорхойлоод өгсөн байдаг. Ингэхдээ төрөөс зөвшөөрөл авах ямар ч шаардлагагүй. Барилга барих, газар авах байсан бол төрөөс зөвшөөрөл авахсан. Харин жагсаж, үг хэлэхдээ төрөөс зөвшөөрөл авах ойлголт байж болохгүй. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нэгдсэн улсууд Үндсэн хуулиндаа үг, үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг баталгаажуулж тусгадаг. Энэ дагуу манай улс ч Үндсэн хуулиараа энэ эрхийг баталгаажуулсан. Харамсалтай нь, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль нь энэ эрхтэй зөрчилддөг. Тодруулбал, 1994 онд батлагдсан энэ хуулийг өнгөрсөн хугацаанд нийт долоон удаа өөрчилсөн байна. Ингэхдээ гол үзэл баримтлалыг дордуулсан уу, дээрдүүлсэн үү гэдгийг маш сайн судлах шаардлагатай. Тэгэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон өмнө нь оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг судална л гэсэн үг. Нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дордуулсан байх магадлалтай.
Учир нь үндсэн эрхээ эдэлж үг, үзэл бодлоо илэрхийлэхдээ хэн нэгнээс тэр дундаа төрөөс зөвшөөрөл авах ёсгүй байтал тухайн нэгжийн Засаг даргаас зөршөөрөл авах ёстой юм шиг процессыг тус хуулиар хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, жагсаал хийхдээ заавал бүртгүүлнэ гэж хуульд тсгаж өгсөн байдаг. Бүртгүүлнэ гэдэг нь зөвшөөрөл авна л гэсэн үг. Нөгөө талд Засаг дарга бүртгэхгүй байх эрхтэй. Бүр Засаг дарга бүртгэх эсэхээр гурван хоногийн дотор хариу өгнө гэнээ. Тэгснээ бүртгэхгүй гээд хариу өгчихвөл зөвшөөрөөгүйтэй ялгаагүй байгаа биз дээ. Эндээс хүнд суртал харагдаж байгаа юм. Тодруулбал, жагсаж гэж буй иргэн бүтэн гурван хоног хүлээнэ, хүлээсний эцэст татгалзсан хариу авбал шүүхдэж болно. Гэхдээ шүүхийн процесс мөн адил үргэлжлээд 14 хоногийн турш хүлээхээр байна. Энэ бол тэр хүний эрхийг 14 хоног боож буй хэлбэр юм. Шүүхээс бүртгэхгүй гэчихвэл бүр жагсах эрхгүй болж ч болно шүү дээ. Тэгэхээр манай ажлын хэсэг хүний үндсэн эрхийг уг хуулийнхаа үндсэн концевцио болгоно. "Бүртгэнэ" гэдэг заалтыг тэр чигт нь өөрчилж "мэдээлнэ" болгоно. Өөрөөр хэлбэл, жагсаж, цуглах гэж буйгаа мэдэгдэхэд л болно. Тэгээд л жагсаалаа эхлүүлж болно гэсэн үг.
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль нь нэрнээсээ эхлээд л журамлах тухай ойлголтыг иргэдэд өгч байгаа. Тэгэхээр нэрийг хүртэл солих юм байна гэж ойлголоо?
-Өнгөрсөн парламентын хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Жагсаж, цуглах эрх чөлөөний тухай хууль"-ийг боловсруулан иргэдээс санал авсан ч хэлэлцүүлж чадаагүй. Тэгэхээр манай ажлын хэсэг ч "Жагсаж, цуглах эрх чөлөөний хууль" гэж нэрийг өөрчилнө. Учир нь журамлана, хорино гэсэн агуулгыг нэрнээсээ илэрхийлж болохгүй.
Хууль зүй, дотоод хэргийн яамны боловсруулсан хуулийн төсөлд санал өгсөн иргэдийн ихэнх нь "Хүссэн үедээ, хүссэн агуулгаараа жагсмаар байна. Бүртгэх нэрээр хүний эрхийг зөрчихөө больмоор байна" саналыг өгсөн байсан. Үймээн самуун, дайнд уриалах, фашизыг сурталчлах зорилгоор жагсахыг Үндсэн хуулиар хориглосон. Түүнээс бусад үед үзэл бодлоо илэрхийлэхдээ бүртгүүлэх биш мэдэгдэхэд л хангалттай гэж үзэж байгаа. Бас нэг зүйл бий. Тэр нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактад Монгол Улс нэгдэн орсон. Энэ фактад "Үг, үзэл бодлоо уран сайхны аргаар илэрхийлж болно" гэж заасан. Тодруулбал, орилж чаралж буй мэтээр жүжиглэж эсэргүүцлээ илэрхийлж болох нь. Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг хүмүүс хэт бүдүүлэг байна гэж шүүмжилж байгаа. Гэтэл тэр хүн үзэл бодлоо илэрхийлэх хэлбэр нь тэр байж болох юм. Атал энэ хүн ингэснийхээ төлөө ял эдлэхдээ тулсан шүү дээ.
Мөн No War хөдөлгөөний залуус талбай дээр гутал авчирч ирж тавьж эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгэхэд цагдаа тэр гутлыг аюултай эсэхийг нь шалгаад буцаагаад өгөхийн оронд булаацалдаж, булааж зугатсаны улмаас зөрчилдөөн болсон. Эцэст нь хэдэн сайхан залуу ял эдлэхдээ тулаа биз дээ.
Эд зүйлс байршуулж үзэл бодлоо илэрхийлэхийг олон улсын фактаар зөвшөөрдөг. Цагдаагийнхан бол хуулийн бус эд зүйлс байршуулахад л хяналт тавина шүү дээ. Олон улсын энэ фактад элссэнийхээ дагуу ямар эрхийг нэмж олгох вэ гэдгээ боловсруулж буй хуулийн төсөлдөө тусгах ёстой юм билээ. Манай ажлын хэсэг Жагсаал, цуглааны журмын тухай хуулийн хасах хэсгийг хасч, нэмэх хэсгийг нэмнэ. Мөн ямар үйлдлийг уран сайхны хэлбэр гэдгийг бид судална. Европын холбооноос гаргасан 200-300 хуудастай гарын авлага бий. Үүнийг бид судалж байна.
-ИРГЭДИЙГ ТАЙВАН ЖАГСАХ ЭРХЭЭР ТӨР ХАНГАЖ ӨГӨХ ЁСТОЙ-
-Бас нэг ойлгомжгүй зүйл бий. Тэр нь сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл буюу "Аяндаа цугласан жагсаал" гэж байдаг. Түүнээс гадна улс төрийн захиалгаар төлбөртэй жагсдаг жагсаал ч бий. Тэгэхээр хуулин дээр үүний ялгамжийг тусгаж өгөх үү?
-Бид жагсаал төлбөртэй, төлбөргүйг хуульчилж өгөхгүй. Түүнийг хянах ч хэцүү, Хаагуур, ямар төлбөр төлөгдөөд байгааг мэдэхэд хэцүү. Гагцхүү жагсаал хийхээ мэдэгдсэн хүмүүсийн мөрөөр цагдаагийнхан ажиллана.
Цагдаагийн байгууллага нь тухайн иргэдийг тайван замаар жагсахад нь тусалж, дэмжих ёстой. Түүнээс биш хянаж цагдах, булааж авах, зодолдох, хорих зүйл огт байж болохгүй.
Цагдаа буюу төрийн төлөөлөл хандлагаа өөрчлөх ёстой. Төрөө хамгаалах биш жагсаж буй хүмүүсийг хамгаалах ёстой юм. Жагсаалыг үймүүлэх гэж, төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй хүмүүсийн зорилгыг өөр зүгт чиглүүлэх гэж, хүчийг нь сулруулах гэж, төлбөртэйгөөр, төрийн захиалгаар ч юм шиг хавсарч орж ирж үймүүлдэг хэсэг бүлэг байдаг. Түүнд ЁСТОЙ жинхнээсээ анхаарлаа хандуулах ёстой. Жинхэнэ замбараагүй байдал бий болгох гэж буй бол цагдаагийн байгууллагаас түүнийг болиулах ёстой юм. Энэ тохиолдолд бусад улс орнууд хэрхэн зохицуулдаг талаар бид судлах гэж байгаа.
-ХУУЛИАС ДАВСАН БҮХ ЖУРМЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО-
-Та санаж байна уу. Хоёр жилийн өмнө Нүүрсний хулгайчдын нэрийг зарлахыг шаардсан олон өдрийн жагсаал болсон. Гэтэл тухайн үед Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар тус жагсаалыг албадан тараах захирамжийг гаргаж байлаа. Удалгүй жагсаал нам, жим болонгуут тус захирамжаа цуцалж байсан. Тэгэхээр хүмүүсийн жагсаалыг албадан тараадаг байдлыг хуулиар хэрхэн зохицуулах вэ?
-Хэн нэгэн эрхтэн дархтан, албан тушаалтан өөрийнхөө үзэмжээр "Энэ жагсаал удаад байна. Арай биш байна" гээд албадан тараадаг байж болохгүй. Хуулиас давсан журам байж болохгүй гэж бид ярьдаг. УИХ дээр Хууль тогтоомжийн тухай хуулийн ажлын хэсэг ажиллаж байна. Энэ ажлын хэсэг хуулиас давсан бүх журмыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Д.Сумъяабазар ямар журмаар тэр жагсаалыг албадан тараах захирамж гаргасан юм. Магадгүй Х.Нямбаатар ч ирээдүйд ингэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр бид тэр хэрэглээд байгаа журмыг олж, хүчингүй болгохоос өөр аргагүй. Хүний үндсэн эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайвнаар жагсаж цуглах эрхэд ямар нэгэн байдлаар хориг тавьсан бүх агуулгыг бусад хуулиудаас олж илрүүлж, хүчингүй болгоно. Тэгэж байж бидний өөрчлөх хууль төгс хэрэгжинэ. Тэгэхгүй бол бид нэг хууль баталчихдаг. Гэтэл нөгөө хуулийг өөр зөрчилтэй хуулиар сулруулаад байж болохгүй шүү дээ. Одоо манай улс төрчид хэрэгтэй үедээ зүүн талаасаа нэг хууль гаргаж ирчхээд хэрэггүй үедээ нөгөөхөө нуучихаад өөр асуудал гарахаар баруун талаасаа нэг хууль гаргаж ирж хэрэглэж байна. Хуулийг сэлэм шиг ашигладаг болсон байна. Тийм зүйл байж болохгүй. Нэг асуудлыг нэг хуулиар эцэслэн шийдэх ёстой. Тэнд ямар нэгэн үл нийцэл байж болохгүй. Ялангуяа хүний эрхийг хангахад ямар нэгэн саад тавьж болохгүй юм.
-Бас нэг жишээ хэлэхэд, ковидын үеэр Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн залуусыг Зөрчлийн хуулиар шийтгэсэн тохиолдол гарсан. Тэгэхээр үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хуулиар шийтгээд байдаг зүйл гарсаар байна?
- Хэдхэн хуудас хуулийг өөрчлөх шиг амархан зүйл үгүй. Гэхдээ бид үүгээр энэ хуулийг хязгаарлахгүй байгаа юм. Үг, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө ялладаг ямар заалт Зөрчлийн хуульд байна түүнийг хасаж болох уу гэдгийг судална. Үндсэн хуулийнхаа хүрээнд бүхий л хууль тогтоомжийг харж, нийцлийг нь шалгаж хамт өргөн барина. "Энэ хуулийг ингэж өөрчиллөө. Энэ үзэл баримтлалын хүрээнд энэ, энэ хуулиуд зөрчилтэй байна" гэдгийг хамт өргөн мэдүүлнэ.
-Өргөн барих хугацаа хэзээ гэж төлөвлөсөн бэ?
-Намрын чуулганд багтаан өргөн барина.
Урин дулаан цаг ирж хавар болж манай жагсагчид талбайд гарч ирэхэд шинэ хуулиар ямар ч асуудалгүй жагсах эрхийг нь хангана гэж бодож байна. АНУ-д еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаалыг яг еврейчүүдийн амьдардаг дүүрэгт хийх гэж байсан.
Еврейчүүдийг эсэргүүцсэн жагсаалыг еврейчүүдийн амьдардаг дүүрэгт хийх нь бослого гаргах эрсдэлтэй гэх шалтгаанаар зөрчил үүсгэж маргаан болсон. Явсаар энэ асуудал шүүхэд очиход шүүхээс жагсах эрхийг нь олгосон шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, бослого үймээнийг үл тоон хүний жагсах цуглах эрхийг л хүндэтгэнэ гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан. Зөрчил үүсэх нь тодорхой, гэхдээ түүнийг төр хариуцах ёстой гэж шүүхээс үзсэн. Эндээс хүний эрхийг яаж дээдэлдэг вэ гэдгийг харж болж байгаа юм. Манай төр бол "Аюул болно" гээд зогсоон биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.