Нийслэлийн Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өчигдөр /2020.02.25/ бүртгэгдсэн. Тус иргэн нь энэ сарын 22-ны өдөр БНСУ-аас ирсэн ба хоолой нь өвдөж, өчигдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна. Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн наймдугаар хороонд байх эгчийнхээрээ орсон, тус айлд зочилж ирсэн дөрвөн айлыг тандалт судалгаагаар илрүүлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна.
Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Багануур дүүргийн иргэний шинжилгээний хариу өнөөдөр /2020.02.26/ гарах юм. Мөн шаардлагатай ариутгалыг хийж байгаа юм. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим айл өрх, байранд ийнхүү яаралтай хөл хорио тогтоосон гэдгийг зөвөөр ойлгож, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг анхаарууллаа. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа маш сайн угааж, ариутгахыг нийслэлийн удирдлагууд уриалж байна.