Улсын онцгой комиссын өчигдрийн/2020.02.26/ хуралдаанаар, шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор, улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл сунгасан. Үүний дагуу нийслэлд мягмар гараг хүртэл хувийн авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй, буцаах арга хэмжээ авч байгаа.
Харин Налайх дүүргийн иргэд ажлын шаардлага, ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн шалтгаанаар нийслэлд нэвтрэх болбол нийтийн тээврээр ажлын цагаар зорчих боломжтой юм байна. Тодруулбал нийслэлд ажилладаг ажлын газрын үнэмлэх, бэртэж гэмтсэн, яаралтай эмнэлэгт очих шаардлагатай гэх мэт нотлох бичиг баримтыг нь үндэслэн нэвтрүүлэх юм.
Иймээс нийслэлд нэвтрэх шаардлагатай болбол ажлын үнэмлэх, эмнэлгийн магадлагаа, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч явахыг Налайх дүүргийн ЗДТГ-аас санууллаа.
Мөн орой 18:30-19:30 цагийн хооронд дөрвөн автобус Офицерын ордноос Налайх руу буцах юм байна. Маргааш болон даваа гарагт энэ зохицуулалтаар үйлчлэх ч нийслэлд бямба, ням гарагт бүх чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох юм.