"Хийморь" төслийн хүрээнд нөгөөдөр буюу 2024.12.15-ны өдөр жүдо болон чөлөөт, үндэсний бөхийн багийн халз барилдааныг зохион байгуулахаар болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2024.12.13/-ны өдөр зохион байгуулагчдын зүгээс тус барилдааны талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Хийморь" төслийг санаачлан зохион байгуулагч, Green show production-ний продюсер Б.Батзолбоо ярихдаа, "Халз барилдааны чөлөөт бөхийн багийг ахлагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, халз барилдааны жүдо бөхийн багийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар ажиллаж байна.
Энэхүү барилдааныг зохион байгуулах болсон шалтгаан бол 1999 онд Монголын үндэсний бөхийн холбооноос анх удаа жүдо болон чөлөөт бөхийн холбоотой хамтран багийн халз барилдааныг зохион байгуулж байсан. Энэхүү барилдаанд жүдо болон чөлөөт бөхийн арав арван бөхчүүд нийт 100 барилдаан гаргаж, хоёр тал 50/50 даваа авч тэнцээгээр өндөрлөж байсан. 2024 онд тухайн барилдааны 25 жилийн ой болж байгаа тул энэ ойн хүрээнд бид бүхэн 25 жилийн өмнөх хайнааг хагалах барилдааныг энэ цагийн хүчтэнүүдээр бүрдүүлж зохион байгуулахаар болсон" гэв.