БАРИМТ: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 доллар хүрэх тооцоолол гарчээ

БАРИМТ: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 доллар хүрэх тооцоолол гарчээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 14 том төслийн эхний хоёрыг хөдөлгөхийг өнгөрсөн долоо хоногт парламентаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Тодруулбал, 16 жилийн туршид гацсан Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалт, Францын “Орона майнинг” компанитай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн. Уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор БНХАУ-ын тал болон төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцан хийх “Чайна Энержи Групп”-ээс тогтвортой хууль эрх зүйн орчин, баталгаатай нөхцөл, урт хугацааны худалдааны гэрээ, нүүрсний ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх болон төмөр замын холболтын талаар хэд, хэдэн тодорхой саналыг манай талд тавьсан.

-БНХАУ-ЫН ЧАЙНА ЭНЕРЖИ КОМПАНИ ОНЧХАРААТ, БОРТОЛГОЙ ХОЁР ОРДОД 16 ЖИЛИЙН ТУРШ НҮҮРС ОЛБОРЛОНО-

Үүнд, 

-БНХАУ, Монгол Улсын Засгийн газар хооронд уг төслийг төрийн дээд, өндөр түвшинд тохирсон иж бүрэн хамтын ажиллагааны хүрээнд аливаа гуравдагч талын оролцоогүйгээр хэрэгжүүлнэ. 

-Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, эзэмшиж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй.  Тодруулбал, тус төслийн хүрээнд “Чайна энержи” компани манай Тавантолгой бүлэг ордын Ончхараат, Бортолгой гэсэн хоёр ордод 16 жилийн хугацаанд нүүрс олборлоно. Ингэхдээ эхний дөрвөн жил буюу 2025-2029 онд нийт 27 сая тонн, 2030 оноос эхлэн жилд 20 сая тонн нүүрс олборлох бөгөөд үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусад этгээдэд шилжүүлэхгүй байхыг тодорхойлж өгсөн нь энэ байна.

-Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг байгуулахад өргөн, нарийн аливаа маргаан дахин үүсэхгүйг бататгах. Тодруулбал, одоогоор төмөр замын төслийн ТЭЗҮ, зураг төсөл хийгдэж дууссан, барилгын гэрээний төслийг компанийн хэмжээнд тохирчээ. Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19.5 км өргөн царигаар жилд 30 сая тн, нарийн царигаар жилд 10 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. Бүтээн байгуулалтын ажлын технологит хугацаа нь 24 сар байх тул барилга угсралтын ажлын нэн яаралтай эхлүүлэх шаардлага тулгараад байгаа тул нэг зураг төсөл, нэг гүйцэтгэгчтэй байхаар тусгажээ.

-“Нэг зураг төсөлтэй, нэг гүйцэтгэгчтэй, бүтээн байгуулалтыг зэрэг эхлүүлж, зэрэг дуусгах” зарчим баримтлах, бүтээн байгуулалтын төслийн ажын Хятадын талын сонгон шалгаруулсан аж, ахуйн нэгжээр төмөр зам, түүнийг холбох барилга байгууламжийг гүйцэтгүүлэн хамтран ажиллах.

Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийн төсөвт өртөг нарийвчилсан зураг төслийн дагуу урьдчилсан тооцооллоор 979 тэрбум төгрөг байхаар тооцоотой байгаа бөгөөд санхүүжилтийн асуудлыг УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцахаар шийдвэрлэгдсэн байна.

УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолын 1 дэх  хэсгийн 3-т “Гашуунсухайт –Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зураг төслийг БНХАУ-ын хил дотор “Ганц мод” боомт хүртэлх төмөр замын суурь бүтэц эзэмшигч төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлэх гэж заасан байна. Гэвч Хятадын талын төслийн гүйцэтгэгч , суурь бүтэц эзэмшигч компанийг өөрчлөн шинээр төслийн зориулалттай компани байгуулж, түүнд суурь бүтэж эзэмшигчээр бусад эрхийг шилжүүлсэн талаар 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр Хятадын тал ажлын хэсгийн ахлагч Кан Фэнвэйгээс Монголын талын ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгаланд албан захидлаар мэдэгдсэн. Хяталын тал дотооддоо сонгон шалгаруулалт хийж гүйцэтгэгч байгууллагыг тодорхойлж, Монголын талын бүтээн байгуулалтыг тус байгууллалаар гүйцэтгүүлэх талаар мэдэгдсэн.

-МАНАЙХ НАРИЙН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМ БАРИХ ХЭЛЭЛЦЭЭРЭЭСЭЭ УХАРСНААР БНХАУ-ЫН ТАЛ 13.97 ТЭРБУМ ЮАНИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖЭЭ-

-Тус төсөлд, өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын талд гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх. Тодруулбал, БНХАУ-ын Чайна энержи групп компаниас “хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлт”-ийг тавьсан бөгөөд тус хүсэлтэд Хятадын тал боомтын төмөр зам барьсан хөрөнгө оруулалт 7.17 тэрбум юань, 10 жилийн хугацааны алдагдал 2.7 тэрбум цаашид шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт 4.1 тэрбум юань зэрэг нийтдээ 13.97 орчим тэрбум юанийн алдагдал хүлээгээд байгаа талаар мэдэгджээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын талд энэхүү төсөлтэй холбогдон гарсан аливаа алдагдал, хохирол болон төмөр замын хил холболтод шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байхаар тусгажээ.

-Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомитуудыг төмөр замаар холбох ажлыг үр шаттайгаар эхлүүлэхээр тохиролцоонд хүрэх, сэргээгдэх эрчим хүчний экспорт, эрчим хүчний нүрс экспортлох, нүүрсийг гүн боловсруулах аж үйлдвэржилт, говийг усжуулах, шар шороон шуурга, цөлжилттэй тэмцэх, хил холболт болон дэд бүтцийн бүтээн байгуулалт, орон сууцжуулалтын асуудалд харилцан ашигтай хамтран ажиллах. Тодруулбал,  “Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөгийн байдлаар жилд дунджаар 30 сая тонн нүүрс олборлож байна. Үүнтэй холбоотойгоор хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт болон уурхай олборлолтын хүчин чадлыг нэмэх хүртэлх хугацаанд жилийн 5-6 сая тонн нүүрсийн дээр дурдсан гэрээний хүрээнд нийлүүлэх боломжтой гэжээ. Цаашид хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нүүрсний нийт экспорт 120 орчим сая тоннд хүрэх бөгөөд үүнээс жил бүр 20 сая тонн нүүрсийг хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэх боломжтой гэж үзжээ.

Гашуун сухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлснээр Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудыг төмөр замаар холбох ажлын үе шаттайгээр эхлүүлэх тохиролцоонд хүрсэн. Хятадын талаас эхний ээлжид Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг барьж, ашиглалтад оруулсны дараа нөхцөл нь бүрдсэн бусад боомтуудыг төмөр замаар холбох байр суурийг байнгын илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, 2022.11.28-нд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, “Хөгжил, шинэчлэлийн хорооны одоогийн байр суурь бол Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замыг эхний ээлжид дуусгахад анхаарч байна” гэдгээ илэрхийлсэн.

-ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛСНААР ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ЖИЛ БҮР 0.8 НЭГЖ ХУВИАР НЭМЭГДЭЖ, ЯДУУРЛЫН ТҮВШИН БУУРЧ, НЭГ ХҮНД НОГДОХ ДНБ-ИЙГ 10000 ДОЛЛАРТ ХҮРГЭНЭ-

УИХ-ын гишүүдэд тараасан төсөлд, БНХАУ-ын талаас нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний хугацааг 20 жилээр байгуулах саналыг тавьсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны аравдугаар сарын 14-нд Хятадад хийсэн айлчлалын хүрээнд хийсэн уулзалтын үр дүнд дээрх хугацааг 16  жил болгож бууруулжээ.

УИХ-ын одоо хэлэлцэж буй тогтоолын төсөл батлагдсанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспотлох ачааны хэмжээг хилд 30 сая тн түүнээс дээш, Тавантолгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 сая тн хүртэл өсгөж, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум доллароор нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ. Цаашид эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх, ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10000 долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инцфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдолтой гэсэн тооцооллыг хоёр тал гаргасан байна.