Ж.Өнөмөнх: Жагсаж байх хугацаанд маш их гүтгэлэг, дарамт, сүрдүүлэг ирсэн. Цаашид бидний амьдралд юу тохиолдох нь сонин байна

Ж.Өнөмөнх: Жагсаж байх хугацаанд маш их гүтгэлэг, дарамт, сүрдүүлэг ирсэн. Цаашид бидний амьдралд юу тохиолдох нь сонин байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэнг орлогоо нотлохыг шаардаж эхэлсэн иргэд, залуусын жагсаал 21 өдрийн турш үргэлжилж, өнгөрсөн даваа гарагт УИХ-ын чуулганаар “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг хэлэлцээд Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргав. Улмаар өчигдөр “Огрох амархан” жагсаал хаалтаа хийсэн. Энэ жагсаал үргэлжилсэн өдрүүдэд жагсаалыг зохион байгуулагч нарт багагүй дарамт ирсэн болов уу гэдэг нь харагдаж буй. Учир нь зарим иргэд сөрөг жагсаал зохион байгуулах, биед нь халдах гэж оролдох гэх мэт зүйлсийг иргэд нүдээр харлаа. Иймд бид жагсаалыг зохион байгуулагчдын нэг болох Ж.Өнөхмөнхтэй эдгээр асуудлын талаар ярилцлаа.

ВИДЕО:

-Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД ХАМГИЙН ИХ ЁС ЗҮЙ, ИЛ ТОД БАЙДАЛ ЯРЬДАГ ХЭРНЭЭ ӨӨРӨӨ ТИЙМ БАЙЖ ЧАДААГҮЙ-

-Анх жагсаал зохион байгуулаад эхлэхдээ өнөөдрийн үр дүнд хүрнэ гэж бодож, төсөөлж байв уу?

-Зургаан жилийн турш манай улс олон улсын үзүүлэлт буюу эрх чөлөөний индексүүдээр маш их ухарсан. Тийм нөхцөл байдал дээр шударга бус байдлын илрэл болсон үйл явдал жижигхэн оч болчихсон. Өөрөөр хэлбэл хүмүүст хуримтлагдчихсан байсан олон бухимдалтай зүйлс нь нэг л өдөр тэсэрсэн гэж хэлж болох юм. Анх би захиралдаа “ганцаараа байсан ч хамаагүй жагсана” гэх хэлсэн. Яг тэр үеэр О.Уламсайхан над руу яг тийм зүйл ярьж залгасан юм. Бид нарын анхнаасаа тохирсон зүйл нь өмнө нь байгаагүй жагсаалын арга хэлбэрийн талаар судалъя, хүмүүст таалагдуулах гэж нэлээд хичээе гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ хамгийн эхний жагсаал дээр бараг 20 хүн л ирсэн байх. Гэсэн ч бид үндсэн шаардлагуудаа тавиад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ирээч гэж нэлээд гуйсан. Тэд маань ч маш нааштайгаар хандаж, их ирж байсан. Олуулаа болоход саад болж байсан зүйл нь юу вэ гэхээр талбай дээр маш их үйл ажиллагаа болдог юм байна. Хүн зогсох орон зай их хэцүү байсан. Улмаар талбай суларснаар хүмүүс ч ойр орчмоос нь хараад ирээд байсан.

-Жагсагчдын тавьсан шаардлагууд бүгд биелсэн үү?

-Бид яах вэ нэг хүнийг огцруулах шаардлага тавиад жагссан. Үндсэн шаардлага маань юу байсан гэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө хамгийн их ёс зүй, ил тод байдал ярьдаг хүн. Хамгийн их ард иргэд гэж ярьдаг хүн. Гэтэл өөрөө тийм байж чадаагүй. Түүний ерөнхий сайд болохоос өмнөх ярилцлагуудыг нь үзэх юм бол байнга л “жижиг кейс дээр ч улс төрчид хариуцлага хүлээх ёстой, улс төрч хүн хариуцлагатай байх ёстой” гэж ярьдаг байсан. Тэр ч утгаараа 2024 онд сонгогдсон бүх гишүүдтэйгээ ёс зүйн дүрэм байгуулсан.

Гэтэл эдийн засаг доройтоод, иргэдийн амьдралд шууд мэдрэгдэж байгаа нөхцөлд улс төрийн хариуцлага хүлээхгүй, тайлбар хийгээгүй. Тэр хүний орлого нь үнэхээр асуудалгүй бол гарч ирээд иргэдэд тайлбар хийх хэрэгтэй шүү дээ.

Гэтэл урьдаас бэлтгэсэн видеогоо маш олон сувгуудаар түгээх ч юм уу ялангуяа гүйцэтгэх засаглалын хувьд шуурхай ил тод байх хэрэгтэй. Дэлхийн аль ч улс оронд Ерөнхий сайд нь ил тод байдаг. Сонгодог парламент гэдэг үгийг маш их ашиглаж байна. Сонгогдог парламентын нэг тод жишээ болох Англи улсад Ерөнхий сайд нь сөрөг хүчнийхээ өөдөөс харж сууж байгаад асуултуудад ч нээлттэй хариулаад явдаг. Гэтэл тэр хүн өнөөдөр чуулганд оролцож байгаа гишүүдийн дээр суудаг болчихсон байна. Энэ бол маш буруу жишиг. Энэ хүний засагласан он жилүүдэд УИХ маш их эрх мэдлээ алдсан. Сүүлдээ бүр УИХ, парламент гэдэг нь иргэдийн элч төлөөлөгч гэхээс илүүтэй зүгээр л Засгийн газрын өргөн барьсан хуулиудыг баталдаг машин шиг болчихсон байна. Бид энэ хүрээнд “парламент хүчтэй бай, иргэдийн итгэлийг даа. Харин итгэлийг эвдэж байгаа гүйцэтгэх засаглалд хариуцлага тооц” гэдэг шаардлагыг бид гаргаж ирээд нөлөөлөх гэж оролдсон. Энэ хүрээнд ч Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлтээ өгөхөөс илүүтэй УИХ-аар хэлэлцүүлсэн. Мэдээж Үндсэн хууль зөрчсөн агуулгатай байж болох ч гэсэн УИХ итгэл хүлээлгэх гэдэг тогтоолын төслийг дэмжээгүй учраас үүн дээр ямар нэгэн үндсэн хуулийн маргаан үүсэхгүй байх.

Ж.Өнөхмөнх

-ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛСНААР БИЕТ БОЛОН БИЕТ БУС ХЭЛБЭРЭЭР МАШ ИХ ДАЙРАЛТ ИРСЭН-

-Өнгөрсөн хугацаанд улс төрд маш олон процесс болж өнгөрлөө. Үүнийг хэрхэн харж байв?

-Ер нь хэн ч бай өөрийн байр суурь, итгэл үнэмшлийг хамгаалах эрхтэй. Ерөнхий сайдын өөрийгөө хамгаалж байгаа байдлыг нь үнэлж байгаа. Гэхдээ тайлбарлаж байгаа үндэслэлүүд нь буруу байгаад байгаа юм. Тухайлбал “би байхгүй бол Монгол Улсын геополитик хэцүүднэ, би байхгүй бол 14 мега төсөл зогсоно” гэх мэт. Яг энэ л манай улсад хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Бодлогын залгамж халаа, тогтвортой байдал гэдэг зүйл байдаггүй. Ер нь аливаа улс төрийн бодлого, нийгмийн байдал нэг хүнээс хамааралтай болоод ирэхээр үүнийг “аюул” гэж үздэг. Гэтэл манай улс төрд энэ менежмент, стратегийн арга барил огт суурьшаагүй. “Би л байхгүй бол сүйрнэ” гэдэг зүйл огт байж болохгүй. Мэдээж Ерөнхий сайд ойр ойрхон солигдоод байна гэдэг тийм сайн зүйл биш. Гэхдээ огцрох гэдэг ч муу зүйл биш. Хариуцлага үүрэх ётсой бол хариуцлагаа үүрэх ёстой.

-Энэ хугацаанд зохион байгуулагчдад биеийн болоод сэтгэл санааны дайралтууд их ирэв үү. Түүнийг нь хэрхэн сөрж байв. Гэр бүл, ар гэрийнхэнд нь ч бас нэлээд хүнд туссан болов уу?

-Биет орчин болон сошиал орчин дээр өөр, өөр заналхийллүүд ирж байгаа. Биет орчинд сөрөг жагсаал болох, бие махбодод халдах, элдэв янзын хүмүүс дагах ч юм уу асуудлууд гарч байсан. Гэхдээ бид тухай бүрд нь цагдаагийн газар, хүний эрхийн байгууллагуудад хандаад явсан. Сошиал орчинд байгаа дайралтууд хамгийн хэцүү нь гэж болно. Тэр нь хоёр төрөл байсан. Нэг хэсэг нь бид нарын үндэслэлүүдийг шүүмжилж байгаа. Жишээлбэл үндэсний эрх ашгаас урвасан, засаг төрийг самрах гэсэн, жаахан хүүхдүүд байж гэх мэт. Нөгөө хэсэг нь хүний хувийн амьдрал руу орсон, хэт субьектив дайралт.

Тэгэхээр шинж байдлынх нь хувьд манай улс сонгуулийн автократ дэглэм рүү орчихсон. Энэ тусмаа бид жагсаал хийх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах ёстой. Санаа зовох ёстой.

Гэтэл хүний хувийн асуудлаас нь хамаараад тухайн хүний үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг нь хязгаарлах зэргийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олны танил эрхмүүд, бүр нэр бүхий УИХ-ын гишүүд сурталчлаад байж байна гэдэг бол үнэхээр эмзэглэмээр асуудал. Тэгэхээр энэ бол зайлшгүй анхаарал тавих асуудал мөн байна гэдэг нь бидний кейс дээр ч илэрсэн. Ялангуяа О.Уламсайханы хувьд өмнө нь амьдралд нь тохиосон уй гашууг ашиглаад иргэний болон улс төрийн эрхээ эдлэхийг нь хязгаарлах гэж байгаа оролдлого. Хоёрдугаарт үндэслэлгүй гүтгэлгүүд. Тухайлбал ямар нэг нэр бүхий компаниуд, нэр бүхий улс төрчидтэй холбож байгаа байдлууд. Тэр бүх гүтгэлэг доромжлолууд нэлээд хэцүү байсан. Гэхдээ бид харьцангуй хүлцэнгүй байдлаар хандсан. Тэр бүх гүтгэлэг рүү бид буцаагаад тийм байдлаар хандвал хэцүү шүү дээ. Нийгмийн туйлшрал ямар хэмжээнд байгаа билээ. Ер нь Монголын нийгэм ямар их хуваагдалтай байгаа билээд дээ. Дундын орон зай, зарчим гэдэг зүйл байхгүй болчихсон энэ үед бид өөдөөс нь сөргөөд дайрвал бүр их хуваагдал үүсэх учраас зарчмын асуудлуудаа л тавьсаар байх нь зөв гэсэн байр суурьтай байсан.

Ж.Өнөхмөнх

-ЖАГСААЛ ХИЙГЭЭД ӨӨРЧЛӨЛТ ӨВЧ ИРЖ ЧАДНА ГЭДГИЙГ МАШ ОЛОН ЗАЛУУСЫН ОЙ САНАМЖИНД ҮЛДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА-

-Өөрийн тань ярианаас сонсоход нэлээд дайралт ирж. Хүмүүс дагасан гэдэг зүйлийг ч ярилаа. Цаашид яах бол гэсэн айдас байна уу?

-Жагсаал цуглаантай холбоотойгоор л бид нийтийн анхаарлын төвд орлоо. Би чинь жирийн төрийн бус байгууллагын ажилтан. Гэхдээ цаашдаа жагсаалыг зохион байгуулсан хүмүүс рүү дайрлтууд ирнэ гэж төдийлөн бодохгүй байна. Тийм рациональ биш, зарчмын шаардлагыг ойлгохгүйгээр субьектив хандана гэж байхгүй байх гэж найдаж байна. Бас давхаар залбирч байна. Гэхдээ нийтийн анхаарлын төвд байна гэдэг нь тодорхой хэмжээний хамгаалалт, бас эрсдэл болж байгаа юм. Энэ анхаарлын төвөөс гарахад бидний амьдралд ямар өөрчлөлт орох вэ гэдэг нь сонин байна. Ямартай ч би энэ жагсаалд оролцсоноороо таксины жолоочтой анх удаа хэрэлдээд бууж үзсэн. Шууд таниад л “та нар ёстой ийм, тийм” гээд дайрсан. Ийм зүйлс цаашид хэр хэмжээнд үүсэхийг хэлж мэдэхгүй л байна.

-Мөн энэ жагсаал залууст нэлээд урам зориг өгчихөв үү гэж хараад байгаа.

-Сонгууль болгоноор залуучууд гэж хамгийн их ярьдаг. Учир нь Монголын хүн амын суваргыг харахад хүн амын дийлэнх нь залуучууд байдаг. Гэтэл дөрвөн жилийн хугацаанд залуус руу чиглэсэн бодлого үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй байж залуусыг улс төрийн идэвхгүй байна гэдэг. Залуусын хүсэж байгаа бодлого, үйл ажиллагаа улс төрчдийн мөрийн хөтөлбөр дээр хэзээ ч байдаггүй. Эсрэгээрээ улс төрийн өндөр сегмент гээд ахмад настан руу чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг. Энэ жагсаал эсрэгээрээ залуусыг улс төр лүү маш их анхаарах хэрэгтэй болсон гэдгийн нэг сануулга болж байна. Мөн залуус эх орноосоо явах, бид өөрчлөлт хийж чадахгүй шүү дээ гэсэн айдастай байсан. Түүнийг эвдэхэд нэлээд түлхэц болсон байх. Нэг хүнийг огцруулах гэхээсээ илүү энэ итгэл үнэмшлийг маш олон хүнд сануулах, нийгмийн ой санамжинд цохон тэмдэглэж үлдээх чухал нөлөө гэж бид харж байгаа.

Ж.Өнөхмөнх

-Дараагийн засгийн газрыг ямар байгаасай гэж бодож байна. Ямар хүлээлттэй байна вэ?

-Илүү ил тод, харицлагатай улс төрч шиг байна байх гэж маш их найдаж байна. Бид асуудал болгоныг жагсаалаар шийдэж чадахгүй шүү дээ. Аргагүйн эрхэнд л олон жил засагласан тэр хүнд жагсаалаар дамжуулж дүн тавьж байна. Бидний тойрог биш учраас бид сонгуулиар дүн тавьж чадахгүй байна. Тойргийнх нь л гаргаж ирсэн шийдвэр хүртээмжтэй байж чадахгүй байна. Ер нь засаглалд, төрд, УИХ-д итгэх итгэл тодорхой хэмжээнд байх хэрэгтэй. Улсын хамгийн том нөөц нь итгэл байдаг. Иргэдийн итгэлээр тэжээгдэж байж төсөв мөнгө, улс төрийн намууд ч сөрөг хүчин нь сөрөг хүчнээ хийгээд илүү хариуцлагатай байх юм бол боломж нь бүрддэг. Тэгэхээр дараагийн Засгийн газар маш их хариуцлагатай байна байх гэж найдаж байна. Хэрвээ хариуцлагагүй ч юм уу, ёс зүйгүй байх юм бол заавал бид ч гэхгүйгээр энэ жагсаалд оролцож байсан залуус өөрсдөө эвлэлдэн нэгдээд талбай дээр гараад ирэх байх.

-Жагсаал цааш үргэлжлэх үү?

-Жагсаал одоо хараахан дуусаагүй байна. Хаалтын жагсаал гэдэг нь биет жагсаалаа л хэлж байгаа. Жагсаал сошиал хуудсаараа дамжуулаад хөдөлгөөн болоод үлдэнэ. Иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуудал буюу орлогоо нотол гэсэн зүйл байгаа. Ямар үр дүн гарах вэ гэдгийг ил тод, нээлттэйгээр харна. Одоо бүгд хариуцлагатай байгаад ажиглах, манаанд гарах цаг ирсэн байна гэж хэлмээр байна.