М.Наранмандах: Охиноо эрүүл болгохын төлөө хичээлд нь хүртэл хамт сууж, 10 жилийн турш өдөр бүр хичээж байна /ВИДЕО/

М.Наранмандах: Охиноо эрүүл болгохын төлөө хичээлд нь хүртэл хамт сууж, 10 жилийн турш өдөр бүр хичээж байна /ВИДЕО/

Шинэ он айлчлан ирж, бид нэгхэн өдрийн дараа 2025 онтойгоо золгох гэж байна. Энэ мөчид бид үзэгч уншигч нартаа эерэг энерги өгч, урам зориг үүднээс гайхалтай ээж, охин хоёрыг урьж, ярилцлаа. Охин О.Сувдын хувьд багадаа тархины саажилт гэх өвчинд нэрвэгдэж, тулгуур эрхтний саажилттай болжээ.

Харин түүний ээж М.Наранмандахын хувьд сэтгүүлч мэргэжилтэй ч охиныхоо төлөө мэргэжлээ, хайртай ажлаа орхин сэтгэл зүйч мэргэжил эзэмшсэн байна. Одоо бол тэрбээр зөвхөн охиндоо анхаарч, түүнийгээ л эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй болгохын төлөө хичээж буй ээж юм. Ингээд тэдний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Та юун түрүүнд манай үзэгчдэд өөрийгөө болон охиноо танилцуулахгүй юу?

-Би 2020 онд БНХАУ-д сэтгэл судлаач мэргэжлээр магистр хамгаалаад ирсэн. Манай одонгийн маань охин О.Сувд. Одоо 10 настай. Ээждээ ирсэн энэ охиныхоо төлөө сэтгэл судлалыг сонгон суралцсан. Учир нь энэ өвчин нь эдгэрэхэд цаг хугацаа нэлээд шаардагдах учир үргэлж биеийн өвчин шаналал нь байх ч гэсэн сэтгэл нь бага өвдөөсэй гэх үүднээс мөн бусад эцэг эхчүүддээ бага ч гэсэн сэтгэлийн дэм, тэнхээ өгөх зорилгоор сэтгэл судлалыг сонгон суралцсан. Суралцаж байх хугацаандаа охиноо хоёр жил эмчилгээнд хамруулаад амжсан.

-Охин нь яг ямар оноштой вэ?

-Тархины саажилт гэх оноштой. Тэр нь хөдөлгөөний бэрхшээл гэж хэлэгддэг юм. Тулгуур эрхтний бэрхшээл гэдэг нь хөл, гар, толгойгоо бүрэн даахгүй байхыг хэлнэ. Манай охин одоохондоо толгойгоо бүрэн даагаагүй. Бид хоёр нэлээд хэдэн биеийн дасгал хийж, өдөр бүр хичээж байгаа.

-Охин нь одоо ямар сургуульд сурч байна?

-126 дугаар сургуульд сурдаг. Охиноо ердийн сургуульд оруулж, найз нөхөдтэй болгож, нийгэмшүүлэхээр зорьж яваа. Зургаан сартайд нь анх энэ тархины саажилт гэх оношийг тавиулсан. Учир шалтгаан нь нярайн шарлалт их явагдсан гэсэн. Жаахан байхад нь үзүүлэхэд тухайн үед эмнэлэгт хэвтээд овоо гайгүй болсон ч гэсэн хугацаа алдсан байсан учраас тархинд нөлөөлчихсөн байсан. Бага байхад нь Япон эмчид үзүүлэхэд “Нярайн шарлалт хүнд явагдсанаас болсон байна. Энэ бол тавилан сайтай өвчин. Оюун санаанд нь ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй" гэж хэлсэн. Тэгээд дөрвөн настай байхад нь Солонгост очоод ээжийгээ сурах хугацаанд хоёр жил эмчлүүлж, хөдөлгөөн заслын эмчилгээнд орсон. 

-Охиноо хэзээ, хэдэн настайд нь сургуульд явуулсан бэ?

-2022 оны нэгдүгээр сар хүртэл ажиллаж байсан. Би өөрөө тэнд 18 жил сэтгүүл зүйн багш хийсэн. Улмаар 2022 оноос хойш охиноо сургуульд бэлдэж эхэлсэн дээ. Охиноо найман настайд нь сургуульд оруулахыг хүссэн ч тэр үед Энэтхэг Улсад нэлээд хүнд хагалгаанд орсон юм. Түүнээс хойш яг нэг жил хүүхдээ сургуульд бэлдсэн.

-Сургуульд явахад нь ямар бэрхшээл тулгарч байна?

-Сургуульд явахад бэрхшээл их бий. Охин маань бүх үйлдлээ хүний тусламжтай хийдэг учраас байнга цуг явдаг. Эхлээд олон хүүхдийн чимээ, олон хүүхдийн орчинд их тавгүйрхдэг байсан ч одоо дуртай болсон.

Хичээл дээрээ охин бид хоёр хамгийн ард суудаг. Учир нь охинд маань агаар хэрэгтэй. Мөн ойрхон орж гарахад амар байдаг тул ард суудаг. Харин хичээл хийхдээ би өөрөө охиныхоо гарыг барьж бичүүлээд хичээлээ хийдэг.

-Сургуулийнх нь хүүхдүүд хэрхэн хүлээж авч байв?

-Анх хүүхдүүд гайхаад, хараад л байдаг байсан. Тэгээд “Яагаад ийм болчихсон юм бэ” гэж маш их асуудаг. Хариуд нь "О.Сувд нь энэ хүрэх гэж маш их хичээсэн. Удахгүй та нартай адил хөөрхөн болоод хөл гараа хөдөлгөөд хамтдаа тоглодог болно" л гэж хэлсэн. Охинд маань ангийхан нь их хайртай байдаг. Хүүхдийн ертөнц их хөөрхөн шүү дээ. Хэрвээ би охиноо тэдэнтэй хамт сургаагүй байсан бол тэд ийм хүүхэд байдаг гэж мэдэхгүй шүү дээ. Хамт хичээл суугаад ирэхээр бидэнтэй л адилхан юм байна гэж ойлгодог болдог. Одоо бол бид хоёр хичээлдээ очихгүй удахаар санаа нь зовоод аав, ээжээрээ мессеж бичүүлдэг.

-Сургуульд орсноор охинд нь ямар өөрчлөлт гарав?

-Харилцааны чадвар нь сайжирдаг юм байна. Гэхдээ тархины саажилттай хүүхдүүдтэй харилцахад анхаарах минут, секунд гэж бий. Хариу ирэх үйлдэл нь арван секунд байдаг. Ярилцах үедээ яг хариулах гэж байтал л нөгөө хүн нь охиныг маань хэлдэггүй, ярьдаггүй юм байна гээд яваад өгдөг. Тэгэхээр манай охин ярих дургүй болоод байсан юм. Одоо сургуульд ороод хүүхэд болгон "сайн уу?” Гээд байхаар харилцаад сурчихдаг юм байна лээ.

-Тархины саажилттай хүүхдүүд тэр бүр яриад байдаггүй юм байна лээ. Таны хувьд хүүхдээ хэрхэн яриулж сургав?

-Охиндоо “Чи дуртай байвал, зөвшөөрч байвал инээж бай. Дургүй байвал хэлээ гаргачихаж бай” гээд ой гарантайгаас нь эхлээд дохиогоор ярилцаж эхэлсэн. "Одоо шээх үү?" гэхээр хэлээ гаргавал шээх болоогүй юм байна гэсэн үг. Тэгж байгаад “одоо дохионы хэлийг нь ээж нь л ойлгоно. Тийм учраас чи тийм, үгүй гэсэн хоёр үгийг хэлээд сурчих” гэж сургасан. Гэхдээ үүнийг нэгхэн өдөр хэлээд л манай охин сурчихсан зүйл биш. Энэ бол нэг жил, хоёр жил уйгагүй хичээсний үр дүн байдаг. Тэгээд зургаан настайгаас нь хойш “Одоо Монголчууд л чамайг ойлгоно. Чи yes, no гэх юм бол дэлхий чамайг ойлгоно" гэж хэлээд охиноороо хэлүүлж сургасан. Одоо манай охин англи нэлээд олон үгтэй. Ингээд бага багаар бууж өгөхгүйгээр л хичээх хэрэгтэй. Шантрах өдөр мэдээж зөндөө бий. Уйлах өдөр ч зөндөө байгаа ч үргэлжлүүлэхээс өөр гарц байхгүй шүү дээ.

-Охиноо тархины саажилт гэх оноштойг мэдээд танд өөрт тань ямар байв? Мэдээж эх хүнд үнэхээр хүнд туссан байх?

-Тэнгэр ниргэх шиг л болсон. Тухайн үед эмчийн өрөөнөөс гарч чадахгүй асгартал уйлаад л яахаа мэдэхгүй байсан. Тэр үед эмч, “Одоо яах вэ дээ. Хувь тавилантайгаа эвлрэхээс өөр арга байхгүй” гэж хэлсэн. Эргээд бодоход тэр үгнүүд үнэхээр хүнд туссан. Хэрвээ хүүхэд маань буруудсан бол би өөрийгөө насан туршдаа буруутгах байсан. “Миний муугаас болоод миний хүүхэд ийм болчихлоо” гэж бодно. Тийм учраас эмч нарын тэр зөвлөгөө ч гэсэн бага зэрэг хүнлэг байдаг бол зүгээр санагдсан.