"СU" сүлжээ дэлгүүрийн худалдагчид хутга тулгаж дээрэмдсэн хэрэг өнгөрсөн арванхоёрдугаар сард /2024.12.21/ гарч, тус үйл явдлын бичлэг цахим сүлжээнд цацагдсан билээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихсэн байдаг. Улмаар энэ талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн юм.
Тэгвэл тухайн гэмт хэрэг үйлдсэн М гэгчийг найм хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /дээрэмдэх/-д зааснаар яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Яллагдагч М-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон даруйдаа цагдан хорьсон бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналын дагуу нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан нэгэн аж. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/2-д "Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.