Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх Тогтоолын төслийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Энэ журмын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр тайлбар өглөө.
Тэрбээр “Сургалтын зээл авахдаа оюутнуудтай гэрээ байгуулдаг. Тухайн үеийн журмаараа, төгсөөд 5 жил ажиллана, мэргэжлээрээ ажилласан байна, НД-ын шимтгэл төлсөн байх зэрэг олон үүрэг хүлээж, гэрээ байгуулдаг. Гэрээгээ биелүүлээгүй бол зээлийг нь эргэн төлүүлэх асуудал яригддаг. Зарим тохиолдолд зээлээр суралцаж төгссөн хүн нас барсан, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болсон зэрэг асуудал гарсан бол хүчингүй болгодог.
Өчигдөр өргөн барьсан журам бол цогц журам. Дээд боловсролын байгууллагад суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль 2012 онд батлагдсан ч журам нь гараагүй 8 жил болсон учраас олон мянган оюутан дипломоо авч чадахгүй явж ирсэн. Үүнтэй холбоотойгоор журмаа шинэчилж, батлах ёстой байсан. Гэрээний үүргээ биелүүлсэн сурагчид дипломоо авч, төр гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх ёстой. Тэр хүмүүсийнхээ дипломыг хуулиараа буцааж олгох ёстой юм. Үүнийг ЖДҮ-ийн гэх мэт бусад зээлтэй андуурах хэрэггүй.
Сүүлийн жилүүдэд, жилд 10,000 гаруй оюутан сургалтын төлбөрөө зээлийн сангаас шийдээд явж байгаа. Энэ жил мөн 10,000 оюутны сургалтын төлбөрийн зээл яригдана.
2008 оноос хойш 14,000 иргэний диплом БЗС-нд хадгалагдаж, 16 тэрбум төгрөгийн авлага үүсээд байна. Эдгээр зээлийн гэрээг дүгнэж, хаах юм.
Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад төрийн сангийн зээлээр сурдаг хөтөлбөр мөн явж ирсэн. Тус сангийн зээлд нийт 1,800 гаруй залуус хамрагдаж, өндөр хөгжилтэй орнуудад сурч төгссөн байна. Бүгд гэрээтэй. Өнөөдрийн байдлаар 160-170 хүн зээлээ эргэн төлөөгүй, хаяг тодорхойгүй буюу гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгснөөр тэдгээр оюутны батлан даагчидтай нь холбогдож, график гарган эргэн төлүүлэх процесс явж байгаа.
Үлдсэн 1,700 орчим хүн бүгд ажиллаад, гэрээний хугацаа нь биелээд, гэрээгээ дүгнүүлсэн гэж ойлгож болно.
Боловсролын сангийн зээлд диплом нь хадгалагдаж байгаа 14,000 иргэн дотоодын их, дээд сургуульд сурч төгссөн гэсэн үг. Тогтоол батлагдсаны дараа төлүүлэхийг нь төлүүлээд, хөнгөлөхийг нь хөнгөлөөд, чөлөөлөхийг нь чөлөөлөөд, эргэн төлөлтөөр бүрдүүлж байгаа сангаасаа төлбөрийн боломжгүй, сурлагын чанар сайтай хүүхдүүдээ суралцах боломжоор нь хангаад явна.
Харин журмын хувьд гадаад, дотоод аль алиных нь сургалтын зээлийг зохицуулахаар нөхцөлүүд нь шинэчлэгдсэн” гэлээ.