Эмэгтэйчүүдийн эрх гуравдугаар сарын 8-нд л хамгаалагдах учиргүй

Эмэгтэйчүүдийн эрх гуравдугаар сарын 8-нд л хамгаалагдах учиргүй

Өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиолоо. Цахим ертөнцөөр дүүрэн цэцэг, шоколад бэлэгний зураг хөврөн чухам л эмэгтэйчүүд дээдлэн хүндлэгдэж гэрийн ажлаас чөлөөлөгдсөн нэг өдөр болж өнгөрөв. Гэвч энэ өдөр л эмэгтэйчүүдийн эрх бүрэн утгаараа хамгаалагдаж, бусад 364 хоногт эмэгтэйчүүд сул доройгоосоо болж хаа нэгтээ, хэн нэгний хүчирхийлэлд чимээгүй өртсөөр л байна.

-ЭХНЭРЭЭ ЦАСАН ШУУРГАНД ГУТАЛГҮЙ БҮТЭН ЦАГИЙН ТУРШИД ХӨӨЖ,
“ХАРЗНЫ УСАНД ХӨЛӨӨ ХӨЛДӨӨСӨН” ГЭЖ ХЭЛЭХИЙГ ШААРДЖЭЭ
-

Өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр 23 цаг 50 минут орчмын үед Цагдаагийн байгууллагад "Гэмтэл согог судлалын үндэсний төвд нөхөртөө хөөгдөж хөл нь хөлдсөн нэгэн эмэгтэй ирсэн” тухай дуудлага ирүүлжээ. Хэргийн мөрөөр TV8 телевизийн мэдээний баг сурвалжлахад иргэн Б Налайх дүүргийн зургадугаар хороонд найзынхаа хүүхдүүдэд бэлэг өгөхөөр явтал нөхөр нь хардаж, ойролцоох уулын аманд  гуталгүй дотуур хувцастай нь цасан шуурганд автомашинаар бүтэн цагийн турш хөөжээ. Энэ үйл явдлаас дөрвөн хоногийн дараа хөлд нь ус гүйж, мэдээ алдан явж чадахаа больсон тул эмнэлгийн байгууллагад хандан тусламж хүссэн байна.

Иргэн Б нь нөхөртэйгөө гэр бүл болоод 18 жил болсон, дөрвөн хүүхдийн ээж юм. Гэвч эхний хүүхдээ тээж төрүүлсний дараа л нөхөр нь гар хүрч, зоддог болжээ. Энэ байдал жил ирэх бүрт даамжирсаар, иргэн Б-д ирэх бие махбодын дарамт улам хүндэрсэн гэж тэр ярьж байлаа. Харин энэ удаад нөхрийнхөө хүчирхийллийн улмаас хөл нь хөлдөж 24 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Тэрээр “Би 2004 оноос эхлэн нөхрийнхөө хүчирхийлэлд өртсөн. Цагдаа сэргийлэхэд мэдэгдье гэвч яваандаа гайгүй болчих байх гэсэн найдлага тавин өдийг хүрсэн. Аав ээж, гэр бүлийнхэндээ ч мэдэгдэлгүй нөхрийгөө гайгүй болно гэж итгэж байсан. Эмнэлэгт хэвтсэнийхээ дараа л одоо болъё, хэрэв энэ удаад нөхрийнхөө гарт амиа алдсан бол дөрвөн хүүхэд маань өнчрөх байсан гэж бодоод зориглон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэж байлаа.

MGB гэмтэл согог судлалын эмнэлгээс түүнийг “ахар сүүлний нэгдүгээр үеийн хугарал болон хөлийн хоёрдугаар зэргийн хөлдөлттэй, анх ирэхдээ харзны усанд хөлөө хөлдөөсөн” гэжээ. Учир нь түүнийг нөхөр нь дарамтлан харзны усанд хөлөө хөлдөөсөн” гэж хэлэхийг тулгасан байна. Үүгээр ч зогсохгүй хардсан найзтайгаа холбоотой гэж хэлэхийг шаарджээ.

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ АРХИДАН СОГТУУРСНААС
БОЛЖ ҮЙЛДЭГДСЭЭР БАЙНА
-

Иргэн Б-ийн хэлж буйгаар “Нөхөр маань архи их уух болсон. Архидан согтуурах үедээ намайг зоддог байсан. Сүүлдээ эрүүл үедээ ч зодох болсон” гэж байлаа.  Ерөөс гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх хувийг архидан согтуурсан үед үйлдэгдсэн хэргүүд эзэлдгийг цагдаагийн байгууллагын мэдээллээс харж болно.

Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллийг саяхан танилцуулсан. Үүнд хоёрдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагад 5869 дуудлага мэдээлэл ирснээс 186 нь гэмт хэргийн шинжтэй бусад нь зөрчлийн, согтуугийн дуудлага эзэлсэн байна. Тодруулбал архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага мэдээлэл өсчээ. Согтуугаар үйлдэгдсэн хэргийн дуудлага 2019 онтой харьцуулахад 7.2 хувиар өсч үүнээс иргэд гэр орондоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдол нэлээдгүй гарчээ. Мөн бусдын амь насыг хохироосон дөрвөн гэмт хэрэг ахуйн хүрээнд үйлдэгдэж хамт архи ууж байгаад нэгнээ хутгалсан гурван тохиолдол бүртгэгдсэн байдаг. Хоёрдугаар сарын байдлаар 17430 хүн эрүүлжүүлэгдсэн бөгөөд тэдний 91.6 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Үүнээс харахад хүчирхийллийн нэг шалтгаан нь “архи” болжээ.

Иргэн Б-ийн дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас 39 настай Г-д эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан холбогдох шалгалтын ажил явагдаж байна. 16 жилийн туршид нөхрийнхөө хүчирхийлэлд өртсөн тус эмэгтэйн бие нь хөх няц болж, хүчирхийллийн улмаас хөлөө хүртэл хөлдөөсөн. Үүнийг эмчилж болох ч түүний сэтгэл санаанд учруулсан асар их дарамт, айдас, гуниг, хүчирхийллийг эмчлэх нь бүү хэл үгээр тайлбарлахад бэрх. Тэр бол сул доройгоосоо болж хүчирхийлэлд өртсөн олон мянган эмэгтэйн нэг. Үүнээс гадна чимээгүй хүчирхийлэл хэд үйлдэгдэж байгааг бид мэдэхгүй.

Эмэгтэйчүүдийн эрх гуравдугаар сарын 8-ны өдөр л хамгаалагдах учиргүй. Гуравдугаар сарын 8 бол бусад 364 хоногт эмэгтэйчүүд хүндлэгдэж, сул дорой байдлаасаа болж хэн нэгний хүчирхийлэлд автахгүй , хүйсийн ялгаварлалд өртөхгүй байсныг дүгнэх, онцлон тэмдэглэх учиртай өдөр гэдгийг бид мартах учиргүй.




Өнөөдөр хулгана өдөр

51 минутын өмнө