Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг 3 жилийн дотор 974 тэрбумаар холбоно

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг 3 жилийн дотор 974 тэрбумаар холбоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны өдөр БНХАУ-д айлчилсан. Айлчлалынхаа үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай  /2025.02.14/ Харбин хотноо уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. 

-ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХАД 2.5-3 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ-

Хэлэлцээрт талууд гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХ-ын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна. Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна. "Гашуунсухайт-Ганцмод" хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна" гэсэн юм.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. 

БНХАУ-ын талаас хил холболтын төмөр замыг барихад 2.5-3 жил шаардана гэжээ.УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөхдөө хил холболтын төмөр зам болон гүүрэн байгууламжийг барьж байгуулахад шаардагдах өртгийг бууруулахыг үүрэг болгосон. Урьдчилсан байдлаар энэхүү хил холболтын төмөр замыг барихад 974 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байдаг. Түүнчлэн Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанид тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгох шаардлагатай тухайгаа ч дуулгасан байна.

Ганцмод- Гашуун сухайтын хил холболтын төмөр замын тухайд цаанаасаа нарийн царигтай төмөр зам 300 метрийн зайд байгаа бол Монгол талын төмөр зам хилээс 10 км зайд байгаа юм.

-ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД 16 ЖИЛЭЭР ГЭРЭЭГ БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦОЖ, НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫГ 160 САЯ ТОННД ХҮРГЭНЭ-

Дээрх хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд 16 жилээр гэрээг байгуулахаар тохиролцсон. "Чайна энержи" компанийн зүгээс 20 жилийн гэрээ байгуулах хүсэлт тавьсныг 4 жилээр бууруулж 16 жилээр тогтсон байдаг. Нүүрс борлуулах дээд хэмжээг эхний жилд буюу 2025 онд 5 сая тонн, 2026, 2027 онд тус бүр 6 сая тонн, үлдэж буй 11 жилийн хугацаанд жил бүр 20 сая тонн нүүрс борлуулна гэж тусгажээ. Ингэхдээ чанараас нь хамаарч коксжих нүүрсэн дээр 55 хувь, гуравны нэгийн коксжих нүүрсэн дээр 35 хувь, эрчим хүчний нүүрсэн дээр 10 хувь гэсэн харьцааг барьж экспортлохоор эхний байдлаар гэрээндээ тусгасан байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын тайлбараар бол Монголын талаас нүүрсний үнийг тодорхойлох боломжгүй. Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Онч хараа, Бор толгой гэсэн хоёр ордод Хятадын компани нүүрс олборлоно. Шинээр хоёр ам нээж, нүүрс олборлоно гэж ойлгож болно. Ингэхдээ олборлолтыг 2029 оноос эхлүүлэхгүй бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс олборлолтын хүчин чадал дээд цэгтээ тулсан гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдсэн юм. Эдгээр ажлууд хийгдсэнээр нүүрсний экспортыг 160 сая тоннд хүргэх бололцоо бүрдэж байгаа аж.