СУРГУУЛИЙН БАГШ: Францын иргэнтэй онгоцонд хамт ирсэн хоёр багштай 8 хоног хамт ажилласан

СУРГУУЛИЙН БАГШ: Францын иргэнтэй онгоцонд хамт ирсэн хоёр багштай 8 хоног хамт ажилласан

Энэ сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах "Бадрах энержи /Арева/" компанид ажилладаг Францын иргэн коронавирусийн халдвартай нь өчигдөр шинжилгээгээр тогтоогдсон.

-“English school of Mongolia” СУРГУУЛЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ
ЗӨРЧИН АЖИЛЛАСААР БАЙНА-

Тус иргэнтай хамт онгоцонд ирсэн 100 гаруй хавьтагч болон Монголд ирээд харилцсан 500 хүнийг олж илрүүлэн шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байгаа юм.

Тэгвэл иргэдийн бидний олж тогтоосноор Францын иргэнтэй хамт онгоцоор нисэж ирсэн “English school of Mongolia” сургуулийн хоёр франц багш өчигдөр өглөө сургуульдаа очин улмаар хуралд оролцсон байна. 

Шинэ коронавирус дэлхий даяар дэгдсэнтэй холбоотой Улсын Онцгой Комиссоос гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон хурал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Мөн БСШУС-ын сайдын тушаал гарч хөл, хорио тогтоосон үед багш нарыг сургууль дээр дуудаж ажиллуулахгүй байх тушаал гарсан.

Гэтэл “English school of Mongolia” сургуулийн захиргаа нь тус журмыг зөрчин  багш нараа цуглуулан хэд, хэдэн удаа хуралдсан гэх мэдээлэл байна.

“ХУРАЛД 50 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЖЭЭ”

Тус мэдээллийн дагуу “English school of Mongolia” сургуулийн багштай холбогдон тодруулсан юм.

-Танай сургуулийн хоёр гадаад багш халдвар авсан Франц иргэнтэй хамт нэг онгоцонд зорчиж ирсэн гэсэн мэдээлэл байна. Тэр хоёр иргэнийг тусгаарласан уу?

-Тийм ээ, тэр хоёр хүнийг өнөөдөр тусгаарлах шиг болсон. Аваад гараад явах шиг болсон.

-Танай сургууль уг хоёр багшийг ирснээс хойш хурал зохион байгуулсан юм байна?

-Тиймээ. Бид нар бараг найм хоног хамт ажилласан гэсэн үг.

-Хичнээн удаа хурал зохион байгуулсан бэ?

-Гуравдугаар сарын 2-ноос хойш л цуглан хуралдаж байгаа.

-Хуралд хичнээн хүн оролцсон бэ?

-50 орчим хүн нэг зааланд цуглан хуралдсан.

-Олон нийтийн хурал, цуглаан зохион байгуулахгүй гэсэн журам гарчихсан байхад яагаад хурал зарласан юм бол?

-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Манай байгууллага гуравдугаар сарын 2-ноос өмнө хорио цээрийн дэглэмтэй байхад хагас ажиллаж байсан. Тодруулбал, ажлын эхний гурван өдөр 13:00 цаг хүртэл ажилласан. Тэгээд гуравдугаар сарын 2-ноос хойш өглөөний 08:00 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл ажилласан. Сургуулийн удирдлагаас тийм шийдвэр гаргасан.

-ЭМЯ-аас танай сургуулийн хуралд оролцсон ажилчдад эмнэлгийн ямар нэгэн арга хэмжээ авах эсвэл зөвлөмж хүргүүлж ажилласан уу?

-Одоогоор тийм мэдээлэл ирээгүй л байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.