Итали улсад байгаа Монгол иргэдийг ЭСЯ-тайгаа холбогдохыг анхаарууллаа

Итали улсад байгаа Монгол иргэдийг ЭСЯ-тайгаа холбогдохыг анхаарууллаа

Итали улс дахь Монгол Улсын ЭСЯ иргэддээ хандан зөвлөмж, анхааруулга гаргаад байна. Итали улсын төрийн байгуулагын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд иргэдийн хүнсний хангамжийг хэвийн түвшинд байлгахад онцгой анхаарч, бараа эргэлт, шуудан холбоо, худалдааны тээвэрлэлтийг энгийн горимоор явуулна. 

Мөн олон улсын нислэг хуваарийн дагуу явагдах бөгөөд хурдны зам, орон нутгийн нийтийн тээвэр, галт тэрэгний замын хөдөлгөөнд хүчний байгууллага хяналт тавих аж. Иргэд зөвхөн онцгой тохиолдолд тусгай маягт бөглөн хот хооронд зорчих эрхтэй. Ингэхдээ:    

1. Эрүүл мэндийн шалтгаанаар 
2. Албан ажлаар /муж, хот захиргааны албан ёсны бичигтэй/ 
3. Зайлшгүй шаардлагаар дэлгүүрээр үйлчлүүлэх 
4. Аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаадын иргэн эх орондоо буцах тохиолдол тус тус хамаарна гэжээ.

Италийн Дотоод хэргийн яамнаас гаргасан тусгай маягтыг ЭНЭ линкээр татаж авах бөгөөд тус улсын Засгийн газраас иргэн бүрт гэртээ байж, гаргасан шийдвэрийг хүндэтгэн биелүүлэхийг уриажээ.  

Мөн Итали улсад аялал жуулчлалын болон 90 хүртэлх хоногоор түр оршин суух эрхийн хугацаа нь дээрх шийдвэрт дурдсан хугацаанд дуусаж байгаа Монгол Улсын иргэд 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөрт багтаан Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсаар яаралтай холбогдохыг анхааруулсан байна.