Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл, хомсдол бий болсон байвал 7012-8012 МЭДЭГДЭЭРЭЙ

Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл, хомсдол бий болсон байвал 7012-8012 МЭДЭГДЭЭРЭЙ

Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” өвчлөл Монгол улсад гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг Дарга урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст өгсөн. Цаашид Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээлэл, бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх хэвлэлийн бага хурал зэргийг онлайн хэлбэрт шилжүүллээ.

Энэ үеэр бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэж буй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар иргэдийн асуултад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ийнхүү хариуллаа.

"Нийслэл хотын хэмжээнд 1,300 гаруй эмийн сан бий. Эдгээрт амны хаалт, ариутгалын бодисын худалдаа явагдсаар байгаа. Амны хаалт, ариутгалын бодисын үнийн хөөрөгдөл, хомсдол бий болсон байвал 7012-8012 утсанд гомдлоо гаргах боломжтой. Энэ дагуу хууль бус үйлдэлд хариуцлага тооцно.

Мөн хүнсийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүйг иргэддээ зөвлөе. Хүнсний бүх дэлгүүр, их дэлгүүрийн доод давхруудад байдаг хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллаж байгаа.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэлийн хэмжээнд импортын хяналтыг 13 терминал дээр хийдэг бөгөөд нийслэл хотод өдөртөө 5,000 тонн хүнсний бүтээгдэхүүн орж ирж байна.

Тухайлбал,

  • Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн 125.4 тонн
  • Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 2,136.6 тонн
  • Боловсруулсан хүнс 2,778 тонн байна.
  • Мөн Сэлэнгэ, Замын-Үүдийн терминалаар хүнсний бүтээгдэхүүн орж ирж байгаа.

Өөрөөр хэлбэл, хүнсний хомсдол Улаанбаатарт үүсэхгүйг иргэд ойлгож, их хэмжээгээр нөөцлөхгүй байхыг хүсье" гэлээ.

Өнөөдрөөс мөн нийслэлийн 279 цэгээр нөөцийн мах худалдаанд гарч байна. 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗЭХ: