НОБГ: Нотлох баримтад үндэслэн Улаанбаатараас гаргаж байна

НОБГ: Нотлох баримтад үндэслэн Улаанбаатараас гаргаж байна

Манай улсад шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хот, аймаг, сумдын орох, гарах хөдөлгөөний энэ сарын 16-ны өдрийг хүртэл хаасан. 

Уг шийдвэр өчигдөр өглөөний 07.00 цагт хуралдсан Улсын комиссын хуралдаанаас гэнэт гарсан юм. 

Тиймээс зам хаахыг мэдээгүй иргэд хотод түр ирсэн байж таараад хөл, хорионд орсон гэж буй. Тэдгээр иргэд даруйхан нутаг буцах шаардлагатай гэж хэлсээр байна. Учир нь гэртээ нялх хүүхдээ үлдээсэн, хүн нас барсан, өвчтэй хүнийг асрах зэрэг асуудлыг учирлаж байгаа юм. 

Энэ талаар НОБГ-ын Дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар  “Хүндэтгэн  үзэх шалтгаан буюу  ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн яаралтай тусламжийн үйлчилгээ, албан томилолт гэх чиглэлүүдэд нотлох баримтыг  үндэслэн иргэдэд орон нутаг руу орж гарах зөвшөөрлийг олгох зохицуулалттай. Тухайлбал, өвчтэй хүн байлаа гэхэд 13-ын маягт, ар гэрийн гачигдал буюу төрөл төрөгсөд нь нас барсан байвал нас барсны гэрчилгээ, албан томилолтын хуваарь, ажил гүйцэтгэх гэрээ зэрэгт үндэслэн зөвшөөрөл олгож байна.

Гэхдээ иргэд болон төрийн байгууллагуудын хооронд үл ойлголцох шалтгаан байхгүй. Бид  зөвхөн нотлох баримтыг үндэслэж зөвшөөрлийг олгоно.  Ер нь ачаа тээвэр болон хүнсний бараа материал тээвэрлэх чиглэл чөлөөтэй байгаа. Нийслэлийн алслагдсан дүүрэг болох  Налайх өлзийт хорооллын иргэдийг хяналт шалгалтын постоор гарахдаа өөрийнхөө иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх болон бусад нотлох баримтыг үндэслэн нэвтрүүлж байгаа. Хөдөө орон нутгаас ирсэн иргэд өөрсдийнхөө дураар ямар ч нотлох баримтгүйгээр  нутаг буцах шаардлагыг  тавьж байна. Бид Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг энд онцолмоор  байна” гэв.

Тэгвэл хотоос гарч хөдөө, орон нутаг руу гаа буцах шаардлагатай хүмүүс өнөөдөр НОБГ-т өргөдлөө бичиж нотлох баримтуудын хамтаар өгчээ.  Ачаалал  болон иргэдийн дугаарлалт их байгаа талаар НОБГ-аас мэдэгдлээ.