О.Боргилд холбогдох хэргийн шүүх хурал болж цагдан хорилоо

О.Боргилд холбогдох хэргийн шүүх хурал болж цагдан хорилоо

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нэгэн эмэгтэй 13 давхрын цонхноос унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт  түүний хамтран амьдрагч О.Боргилийг холбогдуулан шалгаж байгаа. Тэгвэл тус хэргийн шүүх хурал өчигдөр/2020.03.11/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ.

Шүүхээс О.Боргилд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.

Харин  түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал нөхөн төлөх талаар санал гаргаж, шүүх хуралдааныг таван хоногоор завсарлуулах хүсэлт гаргасан байна.Шүүх гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг энэ сарын 16-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаагаар завсарлууллаа. Түүнчлэн шүүгдэгч О.Боргилд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.