Хэвтэрт орсон ээж, дүү нараа асардаг 12 настай охины гэр бүл ирэх долоон хоногт байртай болно

Хэвтэрт орсон ээж, дүү нараа асардаг 12 настай охины гэр бүл ирэх долоон хоногт байртай болно

Хэвтэрт орсон ээж болон дүү нараа асран, халамж, хүүхдийн мөнгөөрөө амьжиргаагаа залгуулдаг 12 настай бяцхан охинтой хийсэн ярилцлагыг бид өмнө нь хүргэж байсан билээ. Харин саяхан NTV телевизийн хамт олон тэдэнд туслах хандивын аяныг өрнүүлж эхэлснээр сайхан сэтгэлт хүмүүс халуун сэтгэлээр тусалж эхэлсэн.

Мөн “Алтан дорнод Монгол” ХХК-ий ТУЗ-ын дарга Т.Ганболд тэдэнд сар бүр нэг сая төгрөг өгөхөө амлан, улмаар ээжийг нь эмнэлэгт эргэж очихдоо байр өгөхөөр болсон тухай мэдээ олны талархлыг хүртсэн.

Тэгвэл өчигдөр цахим орчин болон зарим мэдээллийн сайтуудаар охидын гэр бүлд байр өгсөн тухай мэдээлэл нэлээдгүй түгсэн юм. Бид энэ тухай NTV телевизийн сэтгүүлчээс тодруулахад “Охидын гэр бүлд  ирэх долоо хоногоос байр өгөхөөр болсон, хэвлэлээр өнөөдөр өгсөн гэсэн ташаа мэдээлэл таржээ” гэсэн юм.

Охидын ээж Ц.Наранцэцэг 2012 онд согтуу жолоочийн буруугаас болж авто машины осолд орсон аж. Осолд орсныхоо дараа нөхөртөө үүрүүлээд эмчилгээ хийлгэж ахин хөл дээрээ босож, амьдралын төлөө зүтгэж байсан ч 2016 онд түүний нөхөр нь автомашины ослоор нас баржээ.

Нөхрөө нас барсны дараа гурван үрээ тэжээж, гэдэс цатгалан, дулаан байлгахын тулд ямар ч ажлыг гололгүй хийх болсон. Гэтэл барилгын газар ажиллаж хүнд зүйл өргөснөөс үүдэн ослын үеийн гэмтэл нь дахин сэдрэн суумгай болсон аж.

Гэрээс гарах нь битгий хэл алхаж, босож чадахгүй хүнд байдалд орсон түүнийг дөрвөөс 12 насны гурван охин нь асарч тойлсоор өдийг хүрсэн. Ц.Наранцэцэг гуай Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэсэн таатай мэдээг дуулгалаа. Ямартай ч охидын гэр бүл ирэх долоон хоногт байртай болох нь ээ.

 




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө