БНСУ-аас яаралтай нутаг буцах хүсэлтэй иргэдийг тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу иргэдэд дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:
1.Иргэдийг 14 хоног тусгаарлах байр, хоолны зардал болох хоногийн 40000 төгрөг буюу 560000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 настай хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу 420000 төгрөгийг тухайн иргэний ар гэрийнхэн нь Монголд Онцгой Байдлын Ерөнхий Газрын дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна. Хэрэв дээрх төлбөрийг хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, жагсаалтад байгаа төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.
2.Сөүлээс эхний нислэгээр ирэх бүх зорчигчийг Дотоод хэргийн их сургуулийн оюутны байранд /цэргийн хуарангийн зохион байгуулалттай байр/ тусгаарлах бөгөөд цагаан хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл болон ойр зуурын хэрэглээний эд зүйлсийг Улаанбаатарт байгаа ар гэр нь урьдчилан бэлтгэж, нислэг хийгдэхээс өмнө дээрх байранд хүргэж өгсөн байна.
3.Нийт зорчигчийн ачааг нисэх буудлаас ар гэр нь ирж авах бөгөөд зорчигчдын хувьд зөвхөн гар тээштэйгээ тусгаарлах байранд шууд очино.
4.Нийт зорчигчийн бүртгэл бүхий мэдээллийг ирүүлэхдээ эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өвчний талаарх мэдээлэл, тухайн иргэний Монголд байгаа ар гэртэй холбоо барих мэдээллийг ЭСЯ–наас 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн дотор Улсын Онцгой Комисст ирүүлнэ.
5.Чартер нислэгээр нутаг буцах иргэд эрүүл мэндийн асуумжид санаатайгаар худал мэдээлэл өгөх, халдварт өвчтэйгөө нуух, улмаар бусдад халдаасан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлд заасан “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах” гэсэн үндэслэлээр 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх болно.
6.Коронавирусын халдвар дэлхийн 100 гаруй улсад тархсантай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал хэмээн зарласан. Энэ цаг үед Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа тул Улсын Онцгой комиссын шаардлагуудыг Монгол Улсын иргэд хатуу мөрдөж биелүүлэх үүрэгтэй гэдгийг мөн сануулжээ.
Эх сурвалж: Улсын онцгой комиссын шуурхай штаб