Их Британийн тэнгисийн гүнд байрлуулсан оросын мэдрэгч төхөөрөмжүүд "Vanguard" ангиллын цөмийн шумбагч онгоцны хөдөлгөөний талаарх мэдээлэл цуглуулж байсан нь ил болж, тус улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болзошгүй гэж Лондон дүгнэжээ.
Энэхүү оросын мэдрэгч төхөөрөмжүүд нь Британий тэнгисийн стратегийн цөмийн хүчний чухал бүрэлдэхүүн хэсэг болох Vanguard шумбагч онгоцнуудын байрлал болон хөдөлгөөнийг оросын тал анхааралтай ажиглаж байсан гэх таамаглалыг улам бататгаж байгаа аж.
Эдгээр мэдрэгч төхөөрөмжүүд нь магадгүй олон сар, эсвэл жилийн турш далайн ёроолд байрлуулсан байж болзошгүй бөгөөд хэрхэн илэрсэн нь одоогоор тодорхойгүй байгаа ч Лондон үүнийг “асар ноцтой тагнуулын ажиллагаа” гэж үзжээ.
Сонирхуулахад, Британий тагнуулын албад ОХУ 2022 онд Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлэхээс өмнөхөн оросын олигархуудын эзэмшдэг тансаг дарвуулт онгоцуудыг усан доорх тагнуулын зориулалтаар ашиглах боломжтой талаар мэдээлэлтэй байсан гэдгийг эх сурвалжууд мэдэгджээ. Эдгээр хөлөг онгоцууд нь технологийн өндөр чадамжтай, нарийн тоноглогдсон учир тагнуулын ажиллагаанд ашиглагдах өндөр боломжтой гэж дүгнэсэн байна.
Их Британи болон түүний холбоотнуудын хувьд энэ үйл явдал нь далайн аюулгүй байдал, стратегийн цөмийн хүчний хамгаалалтын хүрээнд дахин нэг том сорилт тулгарч буйг харуулж байна. Тагнуулын мэдээлэл, түүний эсрэг хамгаалалтын тогтолцоо бүрэн шинэчлэлт шаардсан нөхцөл байдал үүсэж болзошгүйг шинжээчид онцолж байгаа юм. Одоогоор Оросын талаас энэ мэдээлэлд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: The Times