Өчигдөр /2025.04.07/ Японы Ерөнхий сайд Шигэру Ишиба АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай 25 минутын турш утсаар ярьж, АНУ-ын тарифын бодлогыг эргэн харахыг уриалжээ. Шигэру Ишиба АНУ-ын тарифын арга хэмжээ нь Японы компаниудын хөрөнгө оруулалтын чадавхыг сулруулж болзошгүйг онцлон тэмдэглэсэн байна.
Мөн тус ярианы үеэр Шигэру Ишиба Япон улс сүүлийн таван жил дараалан АНУ-д хамгийн том хөрөнгө оруулагч байсныг дурдсан бөгөөд шинэ тарифууд нь Японы экспортод сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг 0.8 хувиар бууруулж болзошгүйг онцолжээ.
Хариуд нь, Д.Трамп Японы худалдааны практикт шүүмжлэлтэй хандаж, автомашин болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын тэнцвэргүй байдлыг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр тарифуудыг “хатуу боловч шударга” гэж хамгаалсан байна.
Хоёр орны удирдагч цаашид бүтээлч яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцож, холбогдох сайд нарыг томилон хэлэлцээрийг удирдуулахаар болжээ. АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар хэлэлцээрийг удирдан явуулах бөгөөд тэд тариф, худалдааны бус саад тотгор, валютын асуудал, засгийн газрын татаасын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Японы Засгийн газар АНУ-ын тарифын бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж, шаардлагатай арга хэмжээг авахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters