Д.Трампын 145 хувийн нэмэлт тарифын хариуд БНХАУ Америкийн Boeing компанийн бүх агаарын хөлгийн захиалгаа цуцалжээ

Д.Трампын 145 хувийн нэмэлт тарифын хариуд БНХАУ Америкийн Boeing компанийн бүх агаарын хөлгийн захиалгаа цуцалжээ

Хятад улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын 145 хувийн нэмэлт тарифын хариуд Америкийн Boeing компанийн бүх агаарын хөлгийн захиалгыг цуцалж, АНУ-ын агаарын хөлгийн тоног төхөөрөмжийг худалдан авахгүй байх шийдвэр гаргажээ.

Улмаар Хятадын Засгийн газраас энэхүү шийдвэрээ БНХАУ-ын иргэний агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэсний агаарын тээврийн компаниуд болох Air China, China Eastern Airlines, China Southern Airlines зэрэг байгууллагуудад хүргүүлсэн байна. Хятад улс АНУ-ын Boeing компанитай 2025-2027 он хүртэл нийт 179 ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Air China компани 45 онгоц, China Eastern Airlines компани 53 онгоц, China Southern Airlines 81 онгоц авах гэж байжээ. 

Хятадын Засгийн газар агаарын тээврийн компаниудад Boeing компанийн агаарын хөлгийн захиалгыг цуцлах, АНУ-ын агаарын хөлгийн тоног төхөөрөмжийг худалдан авахгүй байх шийдвэрийг өнөөдөр /2025.04.16/-өөс эхлэн хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна.

Хятад улс агаарын тээврийн салбарт томоохон зах зээл эзэлдэг бөгөөд Boeing компанийн агаарын хөлгийн захиалгыг цуцалснаар дэлхийн агаарын тээврийн салбарт тодорхой өөрчлөлтүүдийг авчирч магадгүй байна. 

Эх сурвалж: New York Post